Нүүр хуудас Эрүүл мэнд Тэмбүү өвчинтэй тэмцэх “Улаан тариа-2” аяныг орон даяар эхлүүллээ

Тэмбүү өвчинтэй тэмцэх “Улаан тариа-2” аяныг орон даяар эхлүүллээ

16
0
ulaan-taria-ayan-2019
Тэмбүү өвчинтэй тэмцэх “Улаан тариа-2” аяныг орон даяар эхлүүллээ

“УЛААН ТАРИА-2” БУЮУ ТӨРӨЛХИЙН ТЭМБҮҮГ УСТГАЯ АЯН ЭХЭЛЛЭЭ

“Улаан тариа-2” буюу төрөлхийн тэмбүүг устгая аян хоёр жилийн хугацаатай үргэлжлэх аж. Аяны зорилгынхоо хүрээнд хоёр том зорилтыг дэвшүүлжээ. Эхнийх нь, жирэмсэн эмэгтэйчүүдийн хяналтыг сайжруулах, төрөлхийн тэмбүүгийн тохиолдлыг бууруулах. Хоёрдугаарт, хүн амын дундах тэмбүүгийн халдварыг оношилж, эмчилж бүрэн устгах. Тус үйл ажиллагааг зөвхөн эрүүл мэндийн салбар дангаараа хийхгүй. Салбар дундын үйл ажиллагаа, иргэдийн оролцоо маш чухал. Социализмын үед илрүүлгийг маш сайн хийдэг. Илрүүлснээ маш сайн эмчилдэг байжээ. Хавтилт халдаагч буюу халдвар тээгчийн цаана байгаа өвчтэй хүнийг олж эмчлэн уг үндсээр бүрэн эмчилж чадаж байсан гэнэ.

Сүүлийн жилүүдэд тэмбүүгийн халдвар нэмэгдэх болсон шалтгаан нь архидан согтууралт, хувь хүний ухамсар, шинжилгээ өгдөггүй явдал, уул уурхайн компаниудад залуус олноороо ажиллах зэрэг зүйлсүүд нөлөөлж байгаа аж. Тиймээс дан ганц эрүүл мэндийн салбар энэ өвчинтэй тэмцээд хүчрэхгүй. Бүхий л салбаруудыг хамтран ажиллахыг уриаллаа. ДОХ, тэмбүү нь томуу, сүрьеэ шиг агаар дуслын замаар халдахгүй. Хувь хүний бэлгийн харьцаагаар дамждаг учир өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө шинжилгээнд хамрагдан эрт илрүүлэгт орохыг мэргэжлийн байгууллагууд уриаллаа. Нэгэнт илрүүлэгтээ хамрагдаад илэрсэн бол эмчилгээгээ бүрэн гүйцэт хийлгэх шаардлагатай. Зориулалтын тариаг долоо хоногоор гурван удаа тарихад бүрэн эдгэрнэ. 1-2 удаа хийлгэхэд өвчний голомтыг сууриар нь дарахгүй халдварын голомт үлддэг гэнэ.

Тариагаа гурван удаа хийлгэх ёстой товлолоороо хийлгэсэн бол араас нь зургаан сараас нэг жил хүртэлх хугацаанд эмч, эмнэлгийн хяналтад байх ёстой. Хамгийн гол нь эхнэр нөхөр, найз залуу, бүсгүй, хамтрагчаа хамт эмчлүүлэх нь чухал. Төрөлхийн тэмбүү буюу эхээс урагт дамжих тэмбүүг хянаж эдгээх амархан. Гэвч жирэмсэн эхчүүд хяналтандаа эрт ордоггүй, тодорхой суурьшсан хаяггүй зэргээсээ болж эхээс урагт халддаг. Улмаар ураг энддэг, дутуу төрдөг, цэврүү үсэрсэн мэт төрдөг байна. Жирэмсэн эх хяналтдаа эрт орж, илрүүлгээ эрт хийлгэн, зөв эмчилгээгээ хийлгэснээр ураг эрүүл төрөх боломжтой.

ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ

Халдвар авсанаас 3-4 долоо хоногийн дараа өвчин үүсгэгч нэвтэрсэн газарт нь хөндүүргүй, нягт суурьтай тод улаан шархлаа буюу хатуу яр бий болдог. Хэсэг хугацааны дараа хатуу яр нь алга болдог. Гэвч энэ нь өвчин алга болсон гэсэн vг биш төдийгүй харин ч эсрэгээр идэвхтэй vржиж эхэлсэний шинж. Энэ үед өвчтөнд бие эвгүйцэх, толгой өвдөх, халуурах зэрэг шинж мэдрэгдэнэ.

Өвчин нь цаашид арьсан дээрх тууралт гарах, гарын алга, хөлийн ул болон салстууд дээр жижиг хэмжээтэй шархлаа үүсэх шинж тэмдэгээр илэрнэ. Хэрэв өвчнийг эмчилэхгvй бол үе үе сэдэрч, тууралт нэг гарч, нэг оргүй алга болох зэргээр хоёр жил орчим ужгирах бөгөөд ямар нэг зовиур илрэхгүй байх нь ч бий. Өвчин эхэлсэн үеэс холдох тусам түр намдаж үе нь улам уртасна. Өвчний өдөөгч нь аль хэдийнэ бүх эд эрхтэнүүдэд нэвтэрч, мэдрэлийн систем, элгийг гэмтээхээр болсон байдаг.

Хэрэв өвчтөн огт эмчлүүлэхгvй, эсвэл эмчилгээг тохиолдлын чанартай хийлгэвэл өвчин даамжирч 3-4 жилийн дараа арьсны гүн давхаргыг хамарсан шархлаа биеийг нь бүрхэнэ. Аажмаар дотор эрхтэн, яс болон мэдрэлийн систем эвдэрдгээс зүрх болон судаснууд тэдгээрийн дотроос гол судас хамгийн их гэмтэнэ. Энэ үед гол судасны хана нь үрэвсэж, дээр нь кальци хуримтлагддаг. Өвчүүний ард өвдөх, амьсгаадах зэрэг зовиур мэдрэгддэг. Өвчний энэ шатанд нь эмчилгээ хийвэл эмгэг үйл явцыг зогсоож болох ч гэмтсэн эрхтэний үйл ажиллагааг бүрэн сэргээх боломжгүй.

ТЭМБҮҮ ӨВЧНИЙ ТАЛААРХ ХҮМҮҮСИЙН БУРУУ ОЙЛГОЛТ

Тэмбүү өвчнийг нэг туссан тохиолдолд цусанд орж эдгэдэггүй гэх. Тэгвэл мэргэжлийн эмч судлаачид эмчилгээгээ зөв хийлгэсэн тохиолдолд тэмбүү бол төгс эмчлэгддэг өвчин хэмээн зөвлөж байна. Хүмүүс тэмбүү туссан нэгнээ гадуурхах үзэл байдгаас шалтгаалан тэмбүүгийн эмчилгээг хийхдээ нэрийг нууцлан кодоор дуудан эмчилдэг байна.

ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭГ ХААНА ХИЙЛГЭХ ВЭ?

Өрхийн эрүүл мэндийн төвд анхан шатны шинжилгээг авна. Тэмбүү өвчнийг үнэ төлбөргүй урдчилан илрүүлэх ба ДОХ зэргийг түргэвчилсэн тестийн аргаар шинжилгээ хийж илрүүлнэ. Хэрэв илэрсэн тохиолдолд хоёр дахь шатны кабинетийн эмч нарт хандана. Түүнчлэн дээр дурдсан тариаг хийж төгс эмчлэгддэг. Халдвартай иргэн харьяалал хамаарахгүй ойрхон байгаа газрынхаа өрхийн эмнэлэгт бичиг баримттайгаа хандахад үзлэг шинжилгээг үнэгүй хийх юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here