Нүүр хуудас Эдийн засаг “Уул уурхайн салбарт дотоодын ханган нийлүүлэлт, худалдан авалтыг дэмжих нь”

“Уул уурхайн салбарт дотоодын ханган нийлүүлэлт, худалдан авалтыг дэмжих нь”

200
0
Уул уурхайн салбарт дотоодын ханган нийлүүлэлт
Уул уурхайн салбарт дотоодын ханган нийлүүлэлт
“Уул уурхайн салбарт дотоодын ханган нийлүүлэлт, худалдан авалтыг дэмжих нь” уулзалт, хэлэлцүүлэг болж өндөрлөлөө.

Хэлэлцүүлэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хуулийн хэлтсийн дарга С.Мандахбат, Күйнсландын их сургуулийн тогтвортой эрдэс баялгийн хүрээлэнгийн профессор, “Resolution88” компанийн захирал Брюс Харви, “Иргэний шийдэл” бодлогын судалгааны хүрээлэнгийн зөвлөх, доктор Д.Бямбажав нар локал контент гэж юу вэ, түүнийг нэвтрүүлж хэрэгжүүлснээр эдийн засагт ямар үр нөлөөтэй талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

“Локал контент” гэдэг ойлголт нь орон нутгийн иргэдэд чиглэсэн ажлын байр, сургалт ба чадавх дээшлүүлэх, орон нутгийн иргэд, аж ахуй нэгжүүдээс худалдан авалт хийх гэх мэт ажлуудыг багтаасан орчуулагдаагүй нэршил юм. Энэ нь уул уурхайн үйл ажиллагаа явагдаж буй бүсэд нутгийн хөгжил, эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хангах чухал хүчин зүйл аж.

“Оюутолгой”, “Тавантолгой” зэрэг томоохон компаниуд локал контентын талаар нэлээд системтэй бодлого, арга хэмжээ хэрэгжүүлдэг боловч салбарын хэмжээнд буюу ихэнх компаниудад энэ талаарх нийтлэг баримтлах зарчим, үр дүнтэй бодлого, арга хэмжээ төдийлөн нэвтрээгүй байна. Иймд локал контентын мэдээллийг хүргэх уг хэлэлцүүлэгт хувийн хэвшил, төрийн байгууллагуудын төлөөллийг урьж оролцуулжээ.

Илтгэгч С.Мандахбат “Локал контентын олон улсын болон дотоодын компаниудын олон сайн жишээ, туршлагууд бий боловч салбарын хэмжээнд нийтлэг баримтлах жишиг, сайн дурын кодекс, хөтөч алга”  гэдгийг итгэлдээ дурдлаа.

Күйнсландын их сургуулийн профессор Брюс Харви “Би өмнө нь Оюутолгойн хамтын ажиллагааны гэрээнд оролцож байсан. Энэ утгаараа локал контент гэгчийг нэлээд мэдэх юм. Ихэнх орнууд нөөц ашиглалтын төлбөр, бусад татвар зэрэгт анхаардаг. Гэтэл локал контентын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь роялтигаас илүү байх жишээ элбэг.

Тиймээс Засгийн газраас цаашид локал контентыг дэмжих нь зөв. Юуны түрүүнд компаниудад локал контентыг хэрэгжүүлснээр ямар боломж бий болох талаар ойлгуулах нь чухал алхам болно” гэв.

Хэлэлцүүлэгт оролцогчид локал контентын системийг нэвтрүүлснээр уул уурхайн үр ашгийг дутуу хүртээд байна гэх хардалт буурч, нөгөөтэйгүүр үндэсний хэмжээний эдийн засагт сайнаар нөлөөлнө гэж үзлээ. Харин энэ системийг хууль эрх зүйн хүрээнд хатуугаар тогтоож нэвтрүүлэх үү, компаниудын санал санаачлагад үлдээж, зөөлнөөр нэвтрүүлэх үү гэдгийг судалж үзэхээр боллоо.

Энэ хүрээнд компаниудын нийгмийн хариуцлага, орон нутгийн хөгжлийн сангийн төсөв, гэрээ хэлэлцээрийн жишиг, орон нутгийн өрсөлдөх чадвар зэрэг олон сэдэв хөндөгдлөө.

Эх сурвалж: УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here