Нүүр хуудас Эдийн засаг “Түрээсийн орон сууц”-нд хамрагдах иргэдийг сугалаагаар сонгохгүй

“Түрээсийн орон сууц”-нд хамрагдах иргэдийг сугалаагаар сонгохгүй

145
0

Өнгөрөгч онд зорилтот бүлгийн иргэдийг “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт сугалаа сугалах зарчмаар хамруулсан нь багагүй шүүмжлэлд өртсөн.  Харин өнгөрөгч хоёрдугаар сарын 6-нд Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар “Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ыг шинэчлэн баталж, иргэдийг сугалаагаар бус эрэмбэлэх зарчмаар уг хөтөлбөрт хамруулахаар болсон байна.

Тухайлбал, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүлийн ангилалд бүртгүүлсэн иргэдийг хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, зэрэг, төрлөөр, хөдөлмөрийн чадвар алдсан хугацааг харгалзан үзэж эрэмбэлэх юм.

Энэ удаад “Буянт-Ухаа2” хорооллын 68.59 мкв 3 өрөө байранд эрэмбэлэгдэж хамрагдах иргэд түрээсийн нэг сарын төлбөрт 411.540 төгрөг, 3 сарын барьцаа төлбөрт 1.234.620 төгрөгийг ТОСК-ийн дансанд тус тус байршуулах аж. Ашиглалтын зардал болох цахилгаан болон халуун хүйтэн ус, СӨХ-ны төлбөр зэрэг зардлыг түрээслэгч нь өөрөө төлөх юм.
Бүртгэлд хамрагдсан иргэдийн материал нэг жилд /12 сар/ хүчин төгөлдөр байх бөгөөд 2016 оны 3 дугаар сард бүртгүүлсэн иргэдийн материалын хүчинтэй хугацаа 2017 оны 3 дугаар сард дуусгавар болно. Дээрх иргэд “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт үргэлжлүүлэн хамрагдах хүсэлтэй бол ТОСК-с түрээсийн материал бүртгэлийн тов зарлахад нэмэлт материалаа бүрдүүлж өгөх шаардлагатай.

Бүртгэлийг иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр хязгааргүй хугацаагаар хийх гэнэ. “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрт залуу гэр бүл, хувийн байгууллагад ажилладаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэн, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл, төрийн албан хаагч, өрх толгойлсон эцэг эх, 18 хүртлэх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, байгалийн гамшиг, гэнэтийн аюул осолд нэрвэгдэж орон гэргүй болсон өрх хамрагдах боломжтой.

О.Ундармаа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here