Нүүр хуудас Эдийн засаг Оффшор бүсээс хөрөнгөө оруулж ирсэн эрхэм

Оффшор бүсээс хөрөнгөө оруулж ирсэн эрхэм

588
0

Оффшор бүс, данс, байгууллага гэдэг үгийг ганц С.Баярцогтоор төсөөлдөг цаг аль хэдийнэ ард хоцорч, дэлхийн тэрбумтан, супер баячуудын мөнгөө хадгалуулж, хөрөнгө эргэлдүүлдэг энэ бүсэд давхардсан тоогоор Монгол Улсын 49 иргэн данстай болохыг Олон улсан эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумынхан мэдээлсэн билээ. Эдгээр хүмүүсийн ихэнх нь өнөөгийн эрх барьж байгаа буюу МАН-ын улстөрчид, бизнесмэнүүд гэх.  Уг нь нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай буюу оффшорыг хориглох тухай хуулийн заалт ард түмний дунд нэлээд хүлээлт ихтэй байсан ч тус хууль дэндүү зөөлөн “газардсан”. Оффшорчдын толгойг илсэн. Зарим нэг нь өнөөг хүртэл данстай гэдгээ үгүйсгэсээр байгаа. Тиймээс улс төрчидөөс ард түмэн оффшорчдын асуудлыг цэгцлэхийг хүсч буй. Ийм данстай төрийн албан хаагч, улстөрчдыг мөнгөө оруулж ирэхийг л шаардсаар байгаа.  Хэрэв хөрөнгөө татахгүй бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг иргэний нийгмийн байгуулллагуудаас эхлээд дуугараад эхэлчихсэн. Учир нь олон улсад оффшорт данстай улстөрчдийг авлигатай холбогдсон, хөрөнгийн эх үүсвэрээ нуусан гэж үздэг. Харин аж ахуйн нэгжийг хуулийн цоорхойг ашиглаж татвараас зугтаж байгаа хэрэг гэдэг. Түүнчлэн нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар ХАСМ, ХОМ гаргах үүрэг бүхий 39 мянга гаруй албан тушаалтан болон тэдгээрийн гэр  бүлийн гишүүд тухайн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх хугацаанд оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглосон. Өөрөөр хэлбэл авлигаар олсон мөнгөө, албан тушаалаа урвуулан ашиглаж олсон бохир хөрөнгөө гэр бүлийнхээ хэн нэгний нэр дээр нууж, хуулийн хараа хяналтаас мултрахыг хуульчилсан. Мөн Засгийн газраас Багамын болон Маршаллын арлууд, Панам Улс, Пуэрто-Рико, Микронезийн холбооны улс зэрэг 50 гаруй улсын оффшор бүсэд данс эзэмшихийг хориглох заалт холбогдох хуулиудад оруулсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ч оффшор бүсээс мөнгөө оруулж ирэхийг уриалсан билээ. Тэгвэл Панамын гэх дээрх баримтад дурдагдсан хүмүүсийн  зарим нь хөрөнгөө оруулж ирсэнийг өнгөрсөн 7 хоногт АТГ-аас мэдээлсэн билээ. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж байгаагаар дөрвөн сая 370 мянган ам.доллароо Монголд оруулж ирсэн хүн нь иргэн Ч.Давааням гэнэ. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоор толгойлуулсан АН-аас нэр дэвшиж сонгогдсон нэр бүхий таван гишүүн УИХ-ын даргад 2017 оны хоёрдугаар сарын 24-нд нэгэн тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн нь  Монгол Улсын иргэдийн оффшор бүсийн банк дахь хадгаламжтай холбоотой мэдээллийг авах хүсэлтийг олон улсын дүрэм журмын дагуу холбогдох байгууллагад гаргах, хадгаламжийн эх үүсвэр нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгаж, олон нийтэд мэдээлэх тухай байсан. Гишүүдийн өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн хавсралтад Оффшор бүс дэх данс эзэмшигч 13 хүнийг нэрлэн, шалгах үндэслэлийг тайлбарласан. Тэдгээрээс УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн авга ах Ч.Батзориг, С.Баярын дунд охин, “Голден Уеллен Инк” компанийн захирал Б.Бадамханд, С.Баярын том охин Б.Нандин, бага охин Б.Хонгор, НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн төрсөн дүү Ц.Сэргэлэн гэх мэтчилэн ураг садны төрлүүд нь оффшор бүсэд данстай гэдгийг нийтэд ил болгосон юм.  Тэгвэл УИХ дахь АН-ын гишүүдийн нэрлэсэн хүмүүсийн дотор НИК ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.Давааням оффшорт хоёр данстай хэмээн тэмдэглэгджээ. Үүнээс харахад дөрвөн сая 370 мянган ам.доллароо Монголд оруулж ирсэн хүн нь НИК ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.Давааням байх магадлал өндөр байгаа юм. Ч.Давааням бол 1996 онд Т.Энхжаргал болон Ж.Оюунгэрэл нарын хамт Петровис компаныг үүсгэн байгуулсан бизнесмэн. 1996 онд Ардчилсан нам ялж, Ж.Оюунгэрэл намын нөлөөгөөр НИК-ийн захирал гэх ажлаас халагдаад, гэртээ байж байтал Ш.Оюунбилэг агсан түүнийг шатахууны бизнес хийхийг зөвлөн, өөрийн багын найз Ч.Даваанямтай холбож өгсөн байна. Ингээд тэдний бизнес эхэлж, амжилтанд хүрсэн түүхтэй. Тэр үед Ч.Давааням өөрийн найз Т.Энхжаргалтай нийлэн наймаа хийж, нэлээд хөлөө олсон байжээ. Тэрээр дараа нь Стар телевиз, Хийморь кабелийн телевизийг үүсгэн байгуулсан бөгөөд Монгол контракт компаныг удирдаж, Петровисоос хувьцаа эзэмшдэг байна. Тодруулбал Петровисын захирал Д.Энхчимэг хатагтай түүний том охин ажээ. Гэхдээ түүний анхны эхнэрээс гарсан охин нь. Тиймдээ ч тэрбээр өөрийн охиндоо шатахууны бизнесээ залгамжлуулан үлдээсэн нь энэ. Ч.Давааням одоогоор Шагдарсүрэн гэх хоёр дахь эхнэртэйгээ АНУ-д С.Баяртай нөхөрлөн тансаг зэрэглэлд амьдарч буй юм байна. Түүний охин Д.Энхчимэг, бизнесийн хамтрагч Ж.Оюунгэрэл нар МАН-ын гишүүн бөгөөд Ж.Оюунгэрэл Ч.Даваанямын адил оффшор данстан аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here