Нүүр хуудас Эдийн засаг Л.Оюун-Эрдэнэ: Х.Хэрлэнг “Эрдэнэт” үйлдвэрийн даргаар томилохгүй

Л.Оюун-Эрдэнэ: Х.Хэрлэнг “Эрдэнэт” үйлдвэрийн даргаар томилохгүй

45
0
oyunerdene
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ

“Монгол зэс” компанийн саналыг хүлээн авч хэлэлцээр хийх эсэх талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өглөө.

-“Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх захирлыг сольж, оронд нь Х.Хэрлэн гэж хүнийг томилно гэсэн мэдээлэл гараад эхэллээ. Төр өөрийнхөө томилсон хүнийг дахин солих шаардлага байдаг юм уу?

-“Эрдэнэт” үйлдвэрийг ТӨҮГ болгох шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан. Үйлдвэрийн удирдлагыг солих, эсэх асуудлыг дараагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх байх. Одоо эхлээд бүртгэлийнхээ асуудлыг ярина.Х.Хэрлэн гэж хүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн даргаар томилно гэдэг нь үндэслэлгүй.

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан “Монголиа коппер корпорейшн” компани Засгийн газарт хэлэлцээр хийх санал тавьсан. Засгийн газар хэлэлцээр хийх үү?

-УИХ-ын 23 дугаар тогтоолыг Засгийн газар хэрэгжүүлэх ёстой. Энэ тогтоол дөрвөн заалттай. Нэг заалт нь өчигдөр хэрэгжиж байна гэсэн үг. Төрийн өмчийн үйлдвэр статустайгаар зохион байгуул гэж байгаа. Хэлцэл хийх гэхээр нэг асуудал үүсч байгаа. Тодруулбал, ХХБ-аас хэдэн төгрөг гарсан юм бэ. Энэ хоёр эхлээд хамаарал бүхий биш гээд байсан одоо бол хамтдаа болчихоод яваад байгаа шүү дээ. “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан 400 сая ам.долларын аль нь ариун цагаан хөдөлмөрөөр олсон мөнгө вэ, аль нь төрийн мөнгийг мөнгө угаах хэлбэрт оруулсан бэ гэдгийг хууль хяналтын байгууллага буюу Эрүүгийн цагдаагийн газар тогтоох ёстой. Үүнийг тогтоох гэж хоёр жил ажиллаж байгаа юм билээ. Гэтэл нийслэлийн Прокурорын газраас үүнийг гаргаж өгөхгүй яваад байгаа. Одоо хүртэл энэ нийслэлийн Прокурор дээр байж л байгаа. Засгийн газар шийдвэр гаргахаар шүүх дээр очдог. Шүүгчид нь 49 хувийн талтай холбоотой, сонирхлын зөрчилтэй хэдэн нөхдүүд яваад байдаг. Нэг хүний үед гэнэт дээгүүр томилогдсон. Шүүхийн болон прокурорын байгууллагын хэм хэмжээг зөрчиж, илт нэг талд үйлчилж байгаа хүмүүсийг илчилж гаргаж ирж, шийдвэрүүдийг нь эргэж харахгүй бол болохгүй. Хэлцэл хийнэ гэдэг нь тэр мөнгөн дүнгийн хэдэн хувь нь тухайн компанийн өөрийн өмч вэ гэдгийг шалгаж, түүнийг прокурор авсны дараа л хэлцэл хийнэ. Түүнээс өмнө яаж хэлцэл хийх юм бэ. Банкны гүйлгээнүүдээ гаргаж өгөхгүй, зарим хүмүүсийг саатуулан шалгахыг прокурор зөвшөөрөхгүй байна. Тэгэхээр санаатайгаар хэлцэл хийх боломжийг хааж байна гэж хэлж болно. Өмнө нь Засгийн газрын ажлын хэсэг хоёр удаа хэлцэл хийх гэж оролдсон юм билээ. Гэтэл 49 хувийн талынхан “Монголиа коппер корпорейшн”, ХХБ хамаарал бүхий этгээд биш гэж хоёр удаа тайлбар хийсэн юм байна.

-Энэ хэргийг шалгаж дуустал 49 хувийн талтай хэлэлцээр хийхгүй гэж ойлгож болох уу?

-Түүнээс өмнө хэлэлцээр хийх боломж байхгүй. Мэдээж аливаа асуудал хоёр талтай нэг талыг гомдоохгүйгээр шийдвэр гаргана гэж угаасаа аль ч улсад байхгүй. Гол нь шийдэлгүй яваад байна гэдэг нь л аюултай.

-49 хувийг худалдах шийдвэр гаргасан Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг бүрэн эхээр нь нууцаас гаргасан уу?

-49 хувийг худалдах шийдвэр гаргасан Засгийн газрын тэмдэглэлтэй холбоотой хоёр асуудлыг нууцаас гаргах асуудал байгаа. Үүнийг тухайн үед нь мэдээлэх нь зүйтэй байх. Учир нь нууцыг горимын дагуу нууцаас гаргадаг.

эх сурвалж: itoim.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here