Нүүр хуудас Эдийн засаг Гэр хорооллыг хөгжүүлэх сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа

Гэр хорооллыг хөгжүүлэх сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа

109
0
Гэр хорооллыг хөгжүүлэх
Гэр хорооллыг хөгжүүлэх
Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар, Азийн Хөгжлийн банкны “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-тэй хамтран өнөөдөр “Гэр хорооллыг шинэчлэн зохион байгуулах, дахин төлөвлөхөд төрийн болон олон улсын байгууллага, хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны албаны дарга Жон Б.МакДаниел, БНХАУ-ын Хөгжлийн банкны хамтын ажиллагааны дарга Чен Мао Хэ болон холбогдох албаны хүмүүс оролцож санал бодлоо солилцлоо.

Засаг даргын орлогч П.Баярхүү “Бид иргэддээ чирэгдэл бага, хямд өртөг бүхий эрэлтэд нийцсэн, зөв зохион байгуулалттай байх дахин төлөвлөлтийн аргуудыг хэрэглэхээр зорьж байна.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт салбарын сайд, нийслэлийн удирдлагууд, НИТХ-ын төлөөлөгчид, хувийн хэвшлийнхэн оролцож байна. Бид бодлогоо нэгтгэж, нэг нэгнээ дэмжин хамтарч ажиллах нь чухал” гэлээ.

Азийн хөгжлийн банкны Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн төслийн зохицуулагч Д.Авирмэд “Эхний ээлжинд бид Баянхошуу, Сэлбэ дэд төвийг бий болгохоор ажиллаж байна. Иргэдийн оролцоотойгоор газар шинэчлэн зохион байгуулж, төлөвлөж шинэ дэд төв бий болгох ажлыг эхлүүлээд явж байгаа. Төслийн хувьд Баянхошуу дэд төвд нийт 152 га газарт шинээр төлөвлөлт хийж, орчин үеийн шийдэл бүхий инженерийн байгууламж бий болгохоор ажиллаж байна” хэмээлээ.

Хэлэлцүүлэгт оролцогчид тулгамдаад байгаа асуудлуудаас хамтдаа гаръя гэсэн санаачлагыг дэвшүүлээд байна. Мөн хувийн хэвшлүүдийн зүгээс шинэ гарц боломжуудын талаар холбогдох албаны хүмүүст танилцуулж байлаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here