Нүүр хуудас Эдийн засаг Гамшгаас хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Гамшгаас хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

414
0

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцууллаа.

2003 онд Гамшгаас хамгаалах тухай хууль батлагдсанаас хойших хугацаанд уг хуульд таван удаа нэмэлт, өөрчлөлт орсон хэдий ч хуулийн нэр томьёоны тодорхойлолт дутуу, зарим тодорхойлолт нь олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн ойлголттой зөржээ. Мөн гамшгаас хамгаалах менежментийн үйл ажиллагааны үе шатыг бүрэн тодорхойлоогүй, гамшгаас хамгаалах үндэсний удирдлага, зохицуулалтын эрх зүйн үндэслэлийг бүрэн гаргаагүй, гамшгийн үед үзүүлэх хүмүүнлэгийн тусламжтай холбогдсон харилцаа зохицуулагдаагүй, гамшгийн эрсдэлийг бууруулахад холбогдох талуудын оролцоо, эрх, үүрэг тодорхой бус зэрэг дутагдалтай талууд байна. Иймд гамшгаас хамгаалах хууль тогтоомжийг улам боловсронгуй болгож, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, удирдлага зохицуулалт, бодлогын зөвлөмжөөр хангах, гамшгийн эрсдэлийг бууруулахад холбогдох талуудын оролцоо, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төрийн хүлээх чиг үүрэг, гамшгийн улмаас учирч буй санхүүгийн нөлөөллийг багасгах, гамшгийн эрсдэлийг хуваалцах, шилжүүлэх, даатгах, олон нийтэд тулгуурлан гамшгийн эрсдэлийг бууруулах чиг хандлагыг хөгжүүлэх зэрэг эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлагыг үндэслэн уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг төв, орон нутгийн онцгой байдлын анги, байгууллага, Засгийн газрын яам, агентлаг, олон улсын болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхэнд танилцуулж, холбогдох талуудын төлөөлөгчдийг оролцуулсан хэлэлцүүлэг-зөвлөгөөнийг 2013-2016 онд нийт 5 удаа зохион байгуулж, гарсан санал, зөвлөмжийг хуулийн төсөлд тусгажээ. Хуулийн төсөл нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Гамшгаас хамгаалах тухай хуулийн ерөнхий зорилт, агуулгыг хэвээр хадгалж байгаа.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 11 бүлэг, 54 зүйлээс бүрдэх бөгөөд энэхүү хуулийн зорилт нь гамшгаас хамгаалах үйл ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, онцгой байдлын байгууллага, гамшгаас хамгаалах удирдлагын тогтолцоо, зохион байгуулалт, эрх, үүрэгтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино байгааг хууль санаачлагчийн танилцуулгад дурдагдлаа.

Хуралдаанд Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Онцгой байдлын ерөнхий газрын дарга генерал Т.Бадрал нар холбогдох мэргэжилтнүүдийн хамт оролцсон юм.

Хууль санаачлагчийн илтгэл болон, байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Ц.Цогзолмаа, Д.Тэрбишдагва, Х.Болорчулуун, А.Сүхбат, Д.Дамба-Очир, Т.Аюурсайхан, Г.Занданшатар, Н.Амарзаяа нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн хувьд Монгол Улс тэр дундаа Улаанбаатар хотын газар хөдлөлтийн идэвхжил хэр байгаа, ОБЕГ-ын техник хангамж, албан хаагчдын нийгмийн халамж ямар байгаа талаар илүүтэй сонирхсон юм.

ОБЕГ-ын дарга, генерал Т.Бадрал Монгол Улсын аль ч нутаг дэвсгэр, хаана ч хэдий хэмжээний чичирхийллээр газар хөдөлж байгааг бид цаг тухайд нь бүртгэдэг. Нийслэл Улаанбаатар хотын хувьд газар хөдлөлтийн эрсдэл жилээс жилд өндөрсч байна. Өнөөдрийн байдлаар ОБЕГ-ын машин техникийн хангамж 55, хүн нэг бүрийн багаж, хэрэгслийн хангалт 40 хувьтай байгаа. Энэхүү хангалтыг нэмэгдүүлэх чиглэлээр бид гадаад дотоодын олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Манай байгууллагын зүгээс албан хаагчдын нийгмийн халамжийн асуудалд анхаарал тавьж ажиллаж байна гэж хариулж байлаа.

Үүний дараа уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 87.5 хувь нь дэмжсэн юм. Иймд уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here