Нүүр хуудас Эдийн засаг Б.Дэлгэрсайхан: Зүүнбаян чиглэлийн төмөр замыг дотоодын нөөц бололцоо байгаа дээр бариад эхэлье

Б.Дэлгэрсайхан: Зүүнбаян чиглэлийн төмөр замыг дотоодын нөөц бололцоо байгаа дээр бариад эхэлье

9
0

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхантай ярилцлаа.

-Засгийн газраас Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаа Тавантолгойн ашгаар барих шийдвэр гаргасан. Та үүнийг дэмжиж байгаа юу. Эхлээд дутуу хаясан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замаа барих ёстой гэсэн байр суурьтай хүн цөөнгүй байна?

-Энэ чиглэлийн төмөр зам барих Засгийн газрын шийдвэр гарсан. Засгийн газрын шийдвэрийг би хувьдаа дэмжиж байгаа. Дэмжих хэд хэдэн шалтгаан байна. Нэгд, Зүүнбаян-Тавантолгой бол Дорноговь аймагтай холбоотой. Дорноговь бол төмөр замын тээврийн гол бүс. Энэ замыг тавьснаар Сайншанд-Замын-Үүд, Сайншанд-Бичигт-Хөөт гээд Монгол Улсын хөндлөн, говийн бүх аймгийг дэд бүтцээр холбох юм. Хоёрт, Цаашдаа Сайншандад олон төрлийн үйлдвэр баригдана. Хайлуулах үйлдвэр барина. Тэнд Өмнөговь аймгаас коксжих нүүрс, хойд талаасаа төмрийн хүдэр ирээд тэнд нийлүүлээд анхан шатны боловсруулалт хийнэ гэсэн төлвөлгөөтэй байгаа. Гуравт, өөрийнхөө нутаг дэвсгэр дээгүүр төмөр замаа явуулаад Ханги Мандал-Зүүнбаянгийн боомтоор гаргавал Монголд үлдэх үр өгөөж нь тээврийнхээ ложистик талаас ач холбогдолтой. Олон ажлын байр бий болно, тээврийн зардал Монголдоо үлдэнэ гэх мэт. Тухайлбал, Гашуунсухайт дээр зарж байгаа үнэ Хангиар гарч борлуулах үнэ хоёр өөр.

-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаа эхлээд барьчихвал ирэх үр өгөөж нь хурдан юм биш үү?

-Яах вэ. Нөгөө хоёр чиглэлийн төмөр замыг барихгүй гэж байгаа юм биш. Нэгдүгээрт, Зүүнбаян чиглэлийн төмөр замыг дотоодын нөөц бололцоо байгаа дээр бариад эхэлье гэж байгаа юм. Гашуунсухайт-Тавантолгой, Хангимандал-Зүүнбаян явдгаараа л явна. Энэ хоёр замд гаднын хөрөнгө оруулагчид угаасаа оролцох сонирхолтой. Харин хөндлөн төмөр зам дээр гаднын хөрөнгө оруулагчдын оролцох сонирхол их биш учраас дотооддоо хурдан шийдээд, нөгөө хоёрыг үлдээж байгаа л асуудал. Түүнээс биш улстөрчөөд энэ нь болно, тэр нь болохгүй, сөнөөлөө барилаа гээд янз бүрийн юм яриад л байгаа. Яах вэ хүн бүрийн үзэл бодол шүү дээ.

-Гол нь 750 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 414 км төмөр зам барина гэж тооцоолсон. Гэтэл Тавантолгой-Гашуунсухайтын овоолсон шороо гээд байгаад мөн энэ хэмжээний өртөг мөнгө зарцуулчихаад байга шүү дээ. Тэгээд үүнээс хоёр дахин урт замыг энэ хэмжээний санхүүжилтээр барих уу?

-Дотоодын мэргэжлийн байгууллага болон цэргийн байгууллагатай хамтран барих учраас хамгийн хямд төсөр тусна гэдгийг Зам тээврийн сайд танилцуулж байгаа. Нэг км замын далан шороог ойролцоогоор 1.2 сая ам.доллароор босного гэсэн тооцоо байгаа юм билээ. Эд нарт хийсэн тооцоо, ТЭЗҮ байгаа. Харин урагшаа явж байгаа төмөр замын нэг км замын өртөг угаасаа өндөр. Гаднын байгууллага барьж байгаа. Тиймээс өөрсдийнхөө ашиг орлого, ирээдүйд мөнгөө удаан хугацаагаар олж авдаг, түүнийгээ тооцож оруулдаг учраас үнэ өртөг нь харьцангуй бага.

-Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын ТЭЗҮ байхгүй гэсэн мэдээлэл байсан?

-ТЭЗҮ байгаа. Гурван янзын ТЭЗҮ байгаа. Нэг нь Хуучин Сайншанд-Тавантолгойн ТЭЗҮ онд хийлгэж байсан. Сайншанд Зүүнбаян хоёр 50-хан км-ын зайтай. Тэр ТЭЗҮ-ээс 50, 60 км нь л өөрчлөгдөнө бусад нь яг тэрүүгээрээ байна. Мөн Япон улсын хийсэн ТЭЗҮ, зураг юм нь бий. Дахиад энэ замыг гаднын хөрөнгө оруулалт концессоор барина гээд өнгөрсөн жилээс хойш гаднын хөрөнгө оруулагч нартай уулзаад Хятадын 20 дугаар товчоо хүртэл ТЭЗҮ хийчихсэн байгаа. Тэгэхээр энэ гурваасаа аль нь оновчтой вэ гэдгээ төр өөрөө шийднэ. Түүнээс огт зураггүй зүйл дээр хүрз хатгана гэж байхгүй шүү дээ.

-Ирэх сараас төмөр зам барих ажил эхэлнэ гэж байсан. Тэгвэл хэзээ ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа вэ?

-Тавдугаар сараас ажлаа эхлүүлээд болж өгвөл 2021 онд дуусгана гэсэн тооцоотой байгаа.

эх сурвалж: itoim.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here