Нүүр хуудас Шинжлэх ухаан Биологи, Физик, Химийн салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо.

Биологи, Физик, Химийн салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо.

220
0

Энэ оны Биологи, Физик, Химийн салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо. Америкийн эрдэмтэн Майкл Янг, Жеффри Холл болон Майкл Росбаш нар энэхүү нэр хүндтэй шагналын эзэд болов. Эдгээр эрдэмтдийн  бүтээлийн нэр нь “Циркадан хэлбэлзлийг зохицуулагч молекулын механизм”.  Циркадан гэдэг нь латин хэлний  “circa” буюу эргэн тойронд, орчим мөн “dies”  буюу  хоног гэсэн  үгнээс бүтсэн үг юм. Тэгэхээр эдгээр эрдэмтэд амьд биет өдөр шөнө биоцагаа молекулын төвшинд хэрхэн зохицуулдаг  болохыг нээсэн гэсэн үг. Биоцаг  амьтан төдийгүй ургамалд маш чухал үүрэгтэй. Учир нь өдөр шөнийн өөрчлөлтөнд  амьд биет өөрийгөө нарийн зохицуулж байж л амьдардаг гэсэн үг. Өдөр шөнийн өөрчлөлтөнд зохицож амьдрана гэдэг нь үнэндээ дэлхийн эргэлтэнд зохицон амьдарч байгаа явдал юм. Ургамал нь гадаад орчны үндсэн гурван нөлөө болох температур, гэрэлтүүлэг чийгний өөрчлөлтөнд зохицож амьдарна. Өөрөөр хэлбэл ургамал байгалийн байнгын өөрчлөлтөнд орших учир өөрийн биеийг зохицуулж байдаг энэхүү циркадан хэлбэлзэл нь түүнд маш чухал үүрэг гүйцэтгэдэг гэсэн үг. Тухайлбал нарны гэрэл  даган хөдлөх навчны байршил, шөнө цэцэг дэлбээгээ хумих зэрэг нь  циркадан хэлбэлзлийн нэг л хэлбэр юм. Хоногийн дотор ургамлын фермент ялгаруулалт, хийн солилцоо, фотосинтезийн үйл явцад маш их өөрчлөлт гардаг. Энэ нь мөн л циркадан хэлбэлзэл билээ. Ургамал болгон орчны өөрчлөлтөнд харилцан адилгүй зохицон амьдардаг. Тухайлбал халуун оронд ургадаг “Pharbitis nil’’ гэдэг ургамал өдөр богиносоход цэцэглэж харин уртсахад зөвхөн ургана. Гэтэл манай бүх ургамал өдөр уртсахад л цэцэглэдэг. Харин өдөр богиносоход хагдарна. Энэ нь гадаад орчны температур, гэрэл, чийгшилтийн өөрчлөлтөд  үзүүлж буй ургамлын циркадан хэлбэлзлийн  харилцан  адилгүй хэлбэр  юм.

Харин бүх амьтан хоногийн орчны өөрчлөлтөнд тохируулан физиологи болон зан араншингаа өөрчилнө. Энэ нь заан байна уу шоргоолж байна уу гэдгээс үл хамаарч амьтанд өөрийн гэсэн биоцаг байдаг гэсэн үг юм. Хүн та ч гэсэн өөрийн био цагтай. Биоцаг гэж сэрэхээс дараагийн сэрэх хүртэлх хугацааг хэлдэг. Тэгэхээр хүний биоцаг нь нэг бүтэн хоног буюу 24 цаг байдаг гэсэн үг. Үүнийг л эрдэмтэд хүний циркадан хэлбэлзэл гээд байгаа хэрэг. Харин хүн болгон харилцан адилгүй биоцагтай байдаг. Хүмүүсийг хэдийд сэрж байгагаар нь “эртэч”, “дундаж”, “унтаа” гэж ангилна. Гэхдээ энэ нь бас наснаас хамаарч өөрчлөгддөг байна. Учир нь таны биенд хэр зэрэг мелатонин гэх гормон ялгарснаас нойрсолт шууд хамаарна. Нас бага эсвэл нас  ахих тусам биен дэх энэ гормоны хэмжээ багасдаг. Иймээс л хүүхэд, хөгшчүүл нойр муутай байдаг бол 20 настай залуучууд болон идэр эрчүүд “унтаа” ангилалд хамаарна. Энэ бүхэн танд хамаарах циркадан хэлбэлзэл билээ. Хүний биоцагийн хуваарь алдагдахын хамгийн ойрын  жишээ нь нойргүй болох эсвэл нойр дутах явдал юм. Нойр дутсанаар та ажлын чадвараа алдах төдийгүй элдэв өвчинд өртөх нөхцөл бүрддэг.Тэгвэл Нобелийн шагнал хүртсэн эдгээр эрдэмтэд амьд эсэнд үүнийг зохицуулж байдаг тусгай ген байдгийг судалгааныхаа явцад нээсэн төдийгүй бүр ялган авч чаджээ. Энэ ген шөнийн цагт тодорхой уургууд хуримтлуулан хадгалж байгаад таныг сэрэнгүүт энэхүү уургийг энерги болгон таны төлөө зарцуулж эхэлдэг аж. Үүнийг та нойр ханажээ эсвэл сайхан унтлаа гэдэг. Харин биоцаг алдагдвал энэ ген танд хэрэгтэй уургийг хуримтлуулж чаддаггүй гэсэн үг юм. Мөн тодорхой уургийн хэсэг амьд биетийн био цагийг хэрхэн зохицуулж байдгийг тэд  нээсэн байна. Тэр ч байтугай амьтан болон ургамал биоцагаа яг адилхан зарчмаар зохицуулдаг болохыг баталжээ. Биоцаг хэрхэн зохицуулагддаг учрыг мэдсэнээр анагаах ухаанд маш том боломж нээгдэж байгаа хэрэг билээ. Боломж гэдэг нь хүн таныг элдэв өвчнөөс сэргийлж, насыг тань уртасгах боломжтой болно гэсэн үг. Иймээс л эдгээр эрдэмтэнд 2017 оны Физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагнал олгосон билээ. Энэ оны Физикийн салбарын Нобелийн шагналыг мөн л америкийн эрдэмтэн Райнер Вайс, Барри Бариш болон Кип Торн нарын сансарт буй таталцлын долгионыг нээсэн бүтээлд олголоо. Энэхүү шагнал нь энэ гурван эрдэмтдээс гадна хэт  мэдрэмж бүхий лазерын  интерферометрийн багаж хийхэд оролцсон мянга орчим эрдэмтэн судлаачдын хөдөлмөрийг үнэлсэн явдал болсон юм. Учир нь гэрлийг дотор нь оптикийн замаар нь салгаж хэмждэг хүн төрөлхтөний хийсэн хамгийн мэдрэмжтэй багаж лазерын  интерферометрийн аппаратын ачаар л энэ эрдэмтэд сансрын хоёр хар нүх нийлэх явцад таталцлын долгион үүсэж байгааг хэмжин таталцлын долгион бодитоор байна гэдгийг баталж чадсан билээ. Таталцлын долгион гэдэг нь физикийн суурь бас маш нууцлаг ухагдахуун юм. Ийм долгион байх ёстой гэдгийг 100 жилийн өмнө  Альфред Эйнштейн хэлж байсан боловч өөрөө ч заримдаа итгэхгүй байсан гэдэг. Ийнхүү таталцлын долгион байгааг нээснээр орчлон ертөнцийн үүсэл, мөхлийг бодитоор тогтооход хүн төрөлхтөн нэг алхам урагшилсан гэсэн үг. Эдгээр эрдэмтдэд Нобелийн шагнал олгох болсноо зарлан “Бидэнд үл үзэгдэх ертөнцийг нээхэд эдгээр эрдэмтэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Эдгээр эрдэмтдийн бүтээлийн ачаар олон олон нээлт хийх зам бусад эрдэмтдэд нээгдлээ” гэж Шведийн Хатан хааны академийн илтгэлд дурдсан байна.

Химийн ухааны Нобелийн шагналыг  швейцарийн эрдэмтэн Жаку Дебуш, америкийн  Йоахим Франк болон английн  Ричард Хендерсон нарын “Криомикроскоп” бүтээлд олголоо. Крио буюу  “kryos”  гэдэг нь хүйтэн, мөс гэсэн грек үг юм.Энэхүү микроскоп бий болсноор эрдэмтэд хөдөлж буй амьд  эсийн молекулын үйл ажиллагаа болгоныг шат шатаар нь хөлдөөн зогсоож судлах боломжтой болжээ. Энгийнээр эрдэмтэд судлах эсийн молекулыг тусгай шингэнд оруулж хөлдөөн хэдэн мянга дахин томруулж харах боломжтой болсон гэсэн үг.   Урд нь ийм боломж  огт байгаагүй юм. Эрдэмтдийн энэ бүтээл нь биохимийн шинжлэх ухааныг урагшлуулах нэг түлхүүр болох төдийгүй эм болон гоо сайхны салбарт үнэлж баршгүй тус хүргэнэ гэж  Шведийн Хатан хааны академи дүгнэсэн билээ. Нобелийн шагнал гардуулах хүндэтгэлийн  ёслол арван хоёрдугаар сарын 10-нд буюу шведийн үйлдвэрийн эзэн,  зохион бүтээгч  Альфред Нобель (1833-1896)-ийн нас барсан өдөр Стокгольм хотод болдог уламжлалтай. Нобелийн шагналыг есөн сая швед крон буюу нэг сая ам.доллар дагалддаг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here