Нүүр хуудас Улс төр Ө.Энхтөрийг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилов

Ө.Энхтөрийг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилов

73
0

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилж, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг чөлөөлөх, нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн талаархи санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан танилцуулсан юм.

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Д.Дэлгэрцогт нь гадаадад дипломат албанд ажиллахаар томилогдсон тул Улсын Их Хурлын даргад хандаж Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг тус Байнгын хорооны гишүүд санал нэгтэй дэмжсэн. Мөн үүнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа Ө.Энхтөрийг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж дэмжсэн байна.

Нэр дэвшигч Ө.Энхтөр нь 1988 онд Цагдаагийн дээд сургууль, 2001 онд Цагдаагийн академийг тус тус төгссөн, хуульч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. Завхан аймгийн Нийгмийг аюулаас хамгаалах хэлтэст хэсгийн төлөөлөгчөөр ажлын гараагаа эхэлж, мөн аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, мөрдөн байцаах тасгийн дарга, 1999 оноос Мөрдөн байцаах газрын чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, хэлтсийн дарга, 2007 оноос нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, 2008 оноос Мөрдөн байцаах газрын дарга, 2012 оноос нийслэлийн Цагдаагийн газрын дарга, 2013 оноос Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар тус тус ажиллаж байжээ. Харин 2016 оны 12 дугаар сараас Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа юм.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү асуулт асууж тодруулсны дараа Байнгын хорооны саналаар Д.Дэлгэрцогтыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөхийг дэмжих санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 85.5 хувь нь, Ө.Энхтөрийг Сонгуулийн сонгуулийн хорооны гишүүнээр томилох саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон 56 гишүүний 47 нь буюу 83.9 хувь нь дэмжсэнээр энэ талаархи Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлагдсанд тооцож, тогтоолын төслийн эцсийн найруулгыг сонслоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here