Нүүр хуудас Улс төр “Эрдэнэт” үйлдвэрийн эрсдэлийн сангаас 40 сая ам.долларыг төлжээ

“Эрдэнэт” үйлдвэрийн эрсдэлийн сангаас 40 сая ам.долларыг төлжээ

14
0
erdenet-uildwer
"Эрдэнэт" үйлдвэрийн эрсдэлийн сангаас 40 сая ам.долларыг төлжээ

Шадар сайд Ө.Энхтүвшин, “Эрдэнэт” үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга Х.Бадамсүрэн нар Стандарт банкны зээлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин хэлэхдээ,

Эхлээд юу болсон бэ гэдгийг товч яръя. Анх “Жаст групп”-ийн захирал Ш.Батхүү Өмнөд Африкийн Стандарт банктай 2009-2010 онд зээлийн гэрээ байгуулж, үе шаттайгаар 160.1 сая ам.долларыг авсан байдаг. Үүнийгээ хугацаандаа төлөөгүйгээс болж Стандарт банк олон улсын Лондоны Арбитрын шүүхэд хандсан. Уг асуудлаар 2015-2016 онд Лондоны Арбитрын шүүх нийт дөрвөн удаа хуралдаж шийдвэр гаргасан. Стандарт банкны нэхэмжилсэн дүн нь 86.95 сая ам.доллар байсан. Яагаад энэ төлбөрийг “Эрдэнэт” үйлдвэрээс нэхэмжилсэн бэ гэдгийг тайлбарлахдаа “Эрдэнэт” үйлдвэр батлан даагчаар оролцсон гэж хэлсэн. Үүнийг нь Лондоны Арбитрын шүүх баталгаажуулсан байдаг. Энэ асуудлаар Ш.Батхүү хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярихдаа “хуурамчаар гарын үзсэг зураад авчихсан юм” гэж хэлсэн ч Лондоны шүүх ийм шийдвэр гаргасан.

Засгийн газар энэхүү арбитрын шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй. Анх Арбитрын шүүхээс 51 сая ам.долларыг Эрдэнэт үйлдвэр төлөх ёстой гэж гарсан. Стандарт банкны нэхэмжилсэн дүнгээс 35 сая долларыг хасч, 51 сая доллар төлөх шийдвэрийг Арбитрын шүүх 2016 оны есдүгээр сарын 20-нд гаргасан нь энэ. Манай талаас хүлээн зөвшөөрөөгүй учраас Английн шүүхэд давж заалдах гомдлоо өгсөн. Олон улсын шүүхийн процедур нэлээд төвөгтэй юм байна лээ. Давж заалдахын тулд эхлээд эрхээ олж авах ёстой. Ингэхийн тулд Арбитрын шийдвэрийн дагуу 51 сая ам.долларыг заавал Стандарт банкны дансанд байршуулах ёстой гэж үзсэн. Үүний дараа давж заалдах боломжтой тухай шийдвэр гарсан юм. Цаг хугацааны хувьд манай зүгээс 51 сая ам.долларыг төлөх боломж байгаагүй. Гэхдээ яриа хэлэлцээр хийхээр ярьж байсан.

“Стандарт банк” Арбитрын шүүхийн шийдвэр гарсны дараа Английн дээд шүүхэд “бидний нэхэмжлэлтэй холбоотой төлбөрийг яаралтай гаргаж өгнө үү” гэсэн агуулгаар хандсан юм байна лээ. Английн дээд шүүх 2018 оны долдугаар сарын 6-ны өдөр хуралдаад Лондоны Арбитрын шүүхийн шийдвэртэй адил, бүр илүү чангатгасан шийдвэр гаргасан. Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэрийг Англи болон Уэлсийн нутаг дэвсгэрт байгаа аливаа эд хөрөнгийг гаргахгүй байх, эд хөрөнгийг захиран зарцуулах, худалдан борлуулах үнийн дүнг бууруулахгүй байх. Арбитрын шийдвэрээр тогтоосон 51.22 сая ам.доллар, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой гарсан зардал болох 476 мянган фунт стерлингтэй тэнцэх хэмжээний төлбөрийг яаралтай банкинд байршуулах зэрэг шийдвэрийг гарсан. Нэгэнт энэ эцсийн шийдвэр учраас давж заалдах боломжгүй болсон. Мөн “Эрдэнэт” үйлдвэрт төлөх төлбөрийн гүйлгээг царцаах, бүх гадаад төлбөр тооцоо, гүйлгээг царцаах хүртэл чиглэл өгсөн шийдвэрийг Английн дээд шүүхээс гаргасан.

2018 оны наймдугаар сард Ерөхий сайдын захирамжаар энэ асуудлыг шийдэх Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийг миний бие ахалсан. Ажлын хэсгийн дор хуульчдын баг ажилласан. Засгийн газрын дэргэд байгуулсан Ажлын хэсэг энэ асуудлаар олон сарын хугацаанд хэд хэдэн удаа хуралдсан. Хэрвээ Стандарт банкны өрийг төлөхгүй бол ямар эрсдэл гарч болохыг бид тооцсон. Өрөө төлөхгүй бол “Эрдэнэт” үйлдвэрт төлбөрийн хэмжээг дэлхийн хэмжээнд царцаах талаар Английн дээд шүүхийн шийдвэр гарсан учраас гадаад гүйлгээ хаагдах эрсдэлтэй байсан. Харилцагч том, том компаниудад Английн шүүх шийдвэрээ хүргүүлж, царцаах талаар мэдэгдсэн байсан. Цаашлаад Стандарт банкны өр төлбөрийг яаралтай шийдэхгүй бол гуравдагч этгээдэд өрийг шилжүүлэх асуудал үүсэхээр байсан. Энэ бол маш том асуудал руу явуулах байсан. Мөн үйлдвэрийн удирдлагуудыг гадагшаа зорчуулахгүй байх, гадна талд байгаа үйлдвэрийн хөрөнгүүдийг хураах эрсдэлүүд байсан.

Тиймээс Ажлын хэсэг энэ асуудлуудыг авч үзээд өр төлбөрийг төлөх нь зүйтэй гэдэг саналаа Засгийн газарт танилцуулсан. Бид эхний ээлжид гадна талдаа асуудлаа шийдэж, дараа дотооддоо ийм асуудал үүсгэсэн хүмүүст хариуцлага тооцуулж, буруутай этгээдүүдээр төлүүлэх шийдвэрийг гаргасан. Бидний зүгээс Стандарт банкны төлөөлөлтэй уулзах санал тавихад уулзахгүй байсан. Тэдний зүгээс хурдан төлбөрө төл л гэдэг шаардлага тавьсан. Тиймээс Америкийн дундын зуучлалаар дамжуулан Стандарт банктай яриа хэлэлцээрийг хийсэн. Нэлээд удаан хугацаанд ярилцсан. Гэхдээ өнөөдрийн байдлаар тохиролцоонд хүрчихсэн байна. Тэдний талтай 40 гаруй сая ам.долларыг хүү торгуульгүйгээр яаралтай төлүүлэх санал дээр тохиролцсон. Манай талаас саналыг хүлээн авч “Эрдэнэт” үйлдвэрийн эрсдэлийн сангаас 40 сая ам.долларыг төлсөн. Нөгөө тал төлбөрөө хүлээн авч, төлбөрийн асуудал шийдэгдсэн гэдгээ бичгээр мэдэгдсэн. Ингээд энэ өр төлбөрийн асуудал гадаад талдаа намжиж байна. Одоо бид дотооддоо өр төлбөр үүсгэсэн хүмүүстэй холбоотой асуудлыг шүүхээр шийдүүлж, буруутай этгээдүүдээр төлбөрийг төлүүлнэ

гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here