Нүүр хуудас Улс төр ‘Эрдэнэт’-ийн 49 хувьтай холбоотой тэмдэглэлийг нууцын зэрэглэлээс гаргажээ

‘Эрдэнэт’-ийн 49 хувьтай холбоотой тэмдэглэлийг нууцын зэрэглэлээс гаргажээ

32
0
Oyun-erdene
Энэ талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ

Засгийн газрын /2019-02-27/-ний өдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” компанийн талаар авсан зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн тэмдэглэлийг нууцын зэрэглэлээс гаргажээ.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ,

1978 онд байгуулагдсан “Эрдэнэт үйлдвэр” өнөөдөр 62 жилийн нөөцтэй байгаа юм. 2016 оны 9 дүгээр сарын 9-ний Засгийн газрын хуралдаанд тухайн үеийн Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалтын боломжгүй тул давуу эрхээсээ татгалзаж, 49 хувийг “Монголын зэс корпорац”-д худалдах тухай” танилцуулга хийсэн.

Энэ хуралд Худалдаа хөгжлийн банкны удирдлагууд оролцсон бөгөөд хуралдааны тэмдэглэлийг үндэслэлгүйгээр нууцын зэрэглэлд оруулсан байсныг өнөөдөр ил болгож байна. УИХ-ын тогтоолоор Засгийн газрын дээрх тогтоолыг хүчингүй болсонд тооцож, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн өмчид шилжүүлэн авах хэлцэл хийхийг үүрэг болгосон юм.

Үүний дараа Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг суутган тооцох зарчмаар төрийн өмчид авах тогтоолыг баталсан юм. Энэ тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргасан. Гэвч “Монголын зэс корпорац” 49 хувийг төрийн өмчид авахыг эсэргүүцэж Захиргааны хэргийн шүүхэд хандсан бөгөөд Засгийн газар ялагдсан.

Учир нь “Монгол зэс корпорац” болон Худалдаа хөгжлийн банк нь санхүү болон удирдлагын хувьд хамааралгүй компани хэмээн шүүх үзсэн юм. Харин өнөөдөр ил болгож буй тэмдэглэлд дээрх хоёр байгууллага хоорондоо хамааралтай гэдгийг Худалдаа хөгжлийн банкны удирдлагууд хэлсэн талаар тусгасан байгаа юм. 2016 оны 4 дүгээр сарын 16-нд “Монгол зэс корпорац” 5 сая, зургадугаар сарын 19-нд 182 сая, 30-нд 213 сая 250 мянган ам.долларыг ОХУ-ын талд шилжүүлсэн.

“Монгол зэс корпорац” энэ мөнгийг хэрхэн босгосон бэ гэхээр Сангийн яамнаас виксель, Монголбанкнаас өрийн бичиг, Хөгжлийн банкнаас зээл авсан байна. Харин Худалдаа хөгжлийн банк 3 компанид зээл өгөөд түүнийгээ “Монгол зэс корпорац” руу шилжүүлүүлсэн хэмээн үзэх үндэслэлтэй. Цагдаагийн байгууллагаас уг асуудалд мөнгө угаасан хэрэг үүсгэн шалгахыг хүссэн ч Нийслэлийн прокурорын газар татгалзсан хариу өгсөн байна.

Дээр дурдсан хөрөнгө босгох үйл явц нь мөнгө угаах гэмт хэрэг байх магадлалтай гэж Засгийн газар хардаж байгаа юм. Үүнийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Цаашид олон нийтэд энэхүү хэргийн талаар системчилсэн ойлголт өгнө. Түүнчлэн Төрийн гурван өндөрлөг, УИХ-ын гишүүд, хууль хяналтын байгууллага энэ хэргийн талаар нэгдсэн ойлголттой байх ёстой.

Тиймээс энэ бүх нөхцөл байдлыг одоо Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гарсны дараа хэвлэлийнхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно

гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here