Нүүр хуудас Улс төр Ц.Мөнх-Оргил: ШХАБ-д элсэх шаардлагагүй гэсэн байр суурьтай!

Ц.Мөнх-Оргил: ШХАБ-д элсэх шаардлагагүй гэсэн байр суурьтай!

23
0
monh-orrgil
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилтой ШХАБ болон тус байгууллагад Монгол Улс элсэх, шаардлагатай эсэх талаар ярилцлаа.

-ШХАБ-д Монгол улс элсэнэ, элсэхгүй гэсэн зүйлийг сүүлийн үед их ярьж байна. Харин та Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа ч энэ байгууллагад элсэх шаардлагагүй гэсэн байр суурьтай байсан. Ер нь ШХАБ ямар чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага вэ?

-Би хувь гишүүнийхээ хувьд ШХАБ-д элсэх шаардлагагүй гэсэн байр суурьтай байдаг. Энэ байр сууриа өмнө нь олон ч удаа илэрхийлж байсан. Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа ч, сул гишүүн болоод ч илэрхийлсэн. Учир нь ШХАБ гэж ямар утга учиртай, ямар алсын зорилготой байгууллага вэ гэдгийг бид мэдэхгүй байгаа. Нэг хэсэг нь олон улсын интегралчлалын байгууллага болно гэж яриад байгаа. Гэтэл эдийн засгийн интегралчлал хийгдээгүй, хийгдэхгүй. Өөрсдөө ч “бид эдийн засгийн интегралчлалын байгууллага” биш гэж хэлж байгаа. Эдийн засгийн интегралчлалын байгууллага бол Европын холбоо, Евро Азийн эдийн засгийн холбоод байна. Энэ бол нэг зах зээлтэй, хил зааг байхгүй, худалдааны том блок болж байна гэсэн үг. Үүнийг бол ойлгож болж байгаа юм. Гэтэл ШХАБ интегралчлалын байгууллага биш. Нөгөө хэсэг нь энэ бол цэрэг, улс төрийн холбоо, бүс гэж яриад байгаа юм. Гэтэл энэ байгууллага өөрөө “бид холбоо биш шүү. Холбоо болох эсэхээ хэдэн жилийн дараа шийднэ” гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар ямар байгууллага юм бэ гэдгийг бид ч мэдэхгүй. Тэд ч өөрсдөө хэлэхгүй байгаа. Дэлхийн олон нийт ч гайхаад харж байгаа. Тэгэхээр манайх шиг жижиг улс юунд элсэх гэж байгаа вэ гэдгээ сайн мэдэж байх хэрэгтэй. Нөгөө талаар бодит байдал дээр хүйтэн дайн эхэлчихээд байна. Хүйтэн дайны хоёрдугаар анги нь бодит амьдрал дээр эхэлчихээд байна. Дэлхийн том улс гүрнүүд хоёр талдаа хоёр том блок болж хуваагдаад хоорондоо худалдаа хийж байна. Нэгэнт хүйтэн дайн эхэлчихээд байхад Монгол Улс том гүрнүүдийн зодоонд өөрөө гүйж орох хэрэггүй. Би үүнийг аюултай гэж бодож байгаа. Хоёр хөрш оронтойгоо найрсаг, гүн хамтын ажиллагаатай, аль нэгнийх нь нөлөөнд хэт автагдаагүй, гуравдахьч хөрштэй, олон тулгуурт гадаад бодлоготой байх нь Монголын эрх ашиг. Зарим хүмүүс ШХАБ-д элсчихээр их мөнгө ороод ирнэ гэсэн зүйл яриад байгаа. Би Д.Цогтбаатар сайдаас бүлгийн хурал дээр ч асууж байсан. “ШХАБ-д элсвэл мөнгө өгье гэж хэлсэн, ярьсан, бичсэн зүйл байна уу. Аваад ирээч ээ” гэсэн. Гэтэл тийм зүйл байхгүй зүгээр л хоосон яриа. Эсвэл ШХАБ-д гишүүнээр орвол Монголоор дайрсан Орос Хятадын эдийн засгийн кридорууд асар хурдан хөгжих юм байна гэж яриад байгаа. Гэтэл ШХАБ-д гишүүнээр элсвэл бид эрчим хүчний коридороо ч юм уу, хийн хоолойгоо ч юм уу, эсвэл худалдааны хоолойгоо хурдасгана гэж хэн ч хэлээгүй. Өмнө нь бид эдийн засгийн коридорын асуудал яригдаж байхад Монгол Улс ШХАБ-д элсэх тухай яригдаагүй л байсан шүү дээ. Тэгэхээр ажиглагчаар байж байгаад коридорын асуудлыг шийдэж болно.

-ШХАБ манай улсад ямар нэгэн байдлаар элсэх санал тавьсан уу?

-Хэрвээ үнэхээр “мөнгө өгье та нар элсээд орооч ээ” гээд байгаа бол ямар зорилгоор ингээд байна вэ гэдэг хамгийн чухал. Тиймээс хэвлэлийнхэн, холбогдох албан тушаалтнуудаас “манай улсыг элс гээд шахаад байгаа юм уу” гэж асуух хэрэгтэй. Орохгүй бол яана гээд байгаа юм. Асуух хэрэгтэй. Гэхдээ энэ хоёр улс бол тэгээгүй. Танайхыг орохгүй бол шатахуунаа зогсоолоо ч юм уу, худалдаагаа зогсооё гэдэг шаардлага тавиагүй. Тиймээс бид ийшээ яарч сандарч орох нь аюултай. Бид бол жижиг улс, асар их түүхтэй, соёлтой жижиг буурай улс. Манай хоёр хөрш бол дэлхийн гадаад бодлогыг тодорхойлж байгаа асар том хоёр гүрэн. Энэ хоёр том гүрний гол тоглолтоо хийж байгаа байгууллагад бид хамаагүй гүйж орчихоод дараа нь эндээсээ гарч чадахгүй. Хүмүүс “тэр чинь гайгүй байгууллага юм билээ. Бүх асуудлаа санал нэгтэйгээр шийддэг юм билээ” гээд байгаа. Санал нэгтэй гаргана гэдэг тохиолдолд Монгол Улс гишүүнээр орчихоод Оросын эсрэг, Хятадын эсрэг, эсвэл Энэтхэгийн эсрэг “бид энэ байр суурийг дэмжихгүй байна” гээд хэр удаан зогсож чадах вэ. Бодит амьдрал дээр тийм боломж байхгүй. Ялангуяа манай гадаад худалдааны 90 гаруй хувийг урд хөршөөс, нефть болон эрчим хүчнийхээ 80 хувь нь хойд хөршөөс авч байна. Ийм хамааралтай байж энэ хоёр улс зонхилж байгаа гол байгууллагад орчихоод дуртай цагтаа бид хаалгаа саваад гарна, дуртай цагтаа энэ хоёр улсын шийдвэрийг гаргуулахгүй байж чадна гэж байгаа нь бодит амьдралд нийцэхгүй. Тэгэхээр энэ байгууллагад элсэх эсэхийг маш олон талаас нь бодож, ярилцаж байж шийдвэрлэх хэрэгтэй. Улс орны бодит амьдрал, тусгаар тогтнол, аюулгүй байдал, бие даасан байдалтай холбоотой асуудал шүү дээ.

-ШХАБ-д жинхэнэ гишүүн, ажиглагч, түнш, өргөдөл өгсөн гээд 35 улс байдаг юм билээ. Үүнээс 18 улс нь исламын шашинтай улс байдаг гэдгийг судлаачид хэлдэг?

-ШХАБ-д лалын улс зонхилж байгаа гэдэг худлаа. Энд зонхилж байгаа хоёр улс нь ОХУ, БНХАУ. Тэгэхээр энэ бол лалын эсрэг ч юм уу, лалын төлөө байгууллага гэж ойлгож болохгүй. Энд шашны тухай асуудал байхгүй. Яг юуны төлөө, юу хийх зорилготой байгууллага гэдгийг бид мэдэхгүй байгаа. Гадаад бодлогын аюултай тал нь зөвхөн бид өөрсдөө шийддэг юм биш. Олон улсын байгууллагад элсчихвэл зөвхөн бидний асуудал биш болчихно. Тиймээс бид олон улсын байгууллага ч юм уу, олон улсын конвенцод нэгдэхдээ онцгой болгоомжтой хандах хэрэгтэй.

-ШХАБ-д элссэн улс орнуудын дийлэнх нь нэг хүний засаглалтай ус орнууд байна гэсэн байр суурийг илэрхийлэх ч хүмүүс байна. Тэгэхээр манай улс Ерөнхийлөгчийн засаглалтай болох гэж байна гэсэн хардлага яваад байх шиг?

-Улс орнуудыг бүгдийг нь тулгаад үзээрэй. Энэ байгууллагад яг Монгол шиг ардчилалтай, засаглалтай улс орнууд хэд байна вэ гэдгийг тоолоод үзэх хэрэгтэй. Гэхдээ тэр нь гол биш. ШХАБ-д парламентын засаглалтай ч, Ерөнхийлөгчийн засаглалтай ч улс орнууд бий. Хамгийн гол нь Монголд ямар үр дагавар гарах вэ. Маргааш, нөгөөдөр, таван жилийн дараа, арван жилийн дараа. Гадаад бодлогын үр дүн дандаа олон жилийн дараа гардаг.

-Хэрвээ манай улс ШХАБ-д элсэх талаар хэлэлцвэл процесс нь хэрхэн явах вэ?

-Шийдвэр гаргахын тулд Засгийн газар ШХАБ-д элсье гэдэг асуудлыг УИХ-д оруулж ирнэ. Ингэхдээ сайн тал нь ийм байна, муу тал нь ийм байна гээд дэнслээд үзэхээр ийм шийдвэр гаргалаа гээд саналаа оруулж ирэх ёстой. Энэ байгууллагын албан ёсны хоёр хэл нь орос, хятад. Тэгэхээр энэ гэрээ, конвенцуудыг орчуулаад бидэнд өгөх ёстой. Ингээд тэр гэрээ, конвенцууд маань Монгол улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжуудтай зөрчилдөж байна уу гэдгийг тулгах хэрэгтэй. Ингээд УИХ дээр хэлэлцүүлэг явна. Тэгээд олонхоороо шийднэ.

-Таныг Гадаад харилцааны сайдаар ажиллаж байх хугацаанд ШХАБ-аас Монгол Улсыг элс гэдэг шахалт ямар нэгэн байдлаар үзүүлсэн үү. Эсвэл манай улс өөрсдөө элсэх боломжтой гэдэг байр суурийг илэрхийлсэн үү?

-Ерөнхийлөгч ШХАБ-д элсэх ёстой гэсэн байр суурьтай байж болно. Гэхдээ эцсийн дүндээ шийдвэр нь УИХ дээр гарна. Өнөөдрийг хүртэл Монгол Улс ШХАБ-д элсэнэ, элсье, элсэх нь зүйтэй гэсэн албан ёсны байр суурь илэрхийлээгүй байгаа. Ерөнхийлөгчийн байр суурь тусдаа. Намайг Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхад ч илэрхийлэлгүй, одоо ч илэрхийлээгүй. Энэ тусдаа процесстой. Байгууллага өөрөө дүрэмтэй. Тэр дагуу л явна. Тэр талаар юу ч хийгдээгүй байгаа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here