Нүүр хуудас Улс төр Хөгжлийн банкны тухай хуулийг хэлэлцлээ

Хөгжлийн банкны тухай хуулийг хэлэлцлээ

0
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, энэ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байхад яг зэрэгцээд Засгийн газар Олон улсын валютын сантай гэрээ хэлцэл байгуулахаар ажиллаж байгааг дурдаад, ажлын хэсгээс хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах шаардлага бий эсэхийг тодрууллаа. Засгийн газрын түвшинд Олон улсын валютын сантай хийж буй хэлэлцээрийн хүрээнд тавигдаж буй үндсэн нөхцөлийн нэг бол Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотой хэмээн ажлын хэсгээс хариулт өглөө. Тодруулбал, Хөгжлийн банкны үйл ажиллагааг төсвөөс бүрэн салгах, төсвийн үйл ажиллагааг санхүүжүүлдэг өмнөх үйл ажиллагааг давтахаас сэргийлсэн засаглал, хууль эрх зүйн орчны хамгаалалтыг бэхжүүлэх шаардлага тавигджээ. Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Олон улсын валютын сангаас эцэслэсэн байдлаар санал авч амжаагүй байгааг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа хэлсэн юм.
Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, хэлэлцэж буй хуулийн төслийг баталсан тохиолдолд Олон улсын валютын сантай хийж буй гэрээ хэлэлцээрийн хүрээнд дахин өөрчлөлт орох эсэхийг асуулаа. Монгол Улсын Засгийн газар зургаан сарын турш Олон улсын валютын сантай хамтран ажиллахаар хэлэлцээр явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар тус байгууллагаас өгсөн саналуудыг хуулийн төсөлд тусгасан байгаа хэдий ч үүн дээр нэмэлт шаардлага, санал дахин гарах эсэхийг урьдчилж хэлэх боломжгүй хэмээн ажлын хэсэг хариулт өгсөн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Б.Дэлгэрсайхан нар мөн ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авав.
Ингээд ажлын хэсгээс болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсний дараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here