Нүүр хуудас Улс төр Хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протоколуудыг соёрхон батлахыг зөвшилцлөө

Хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протоколуудыг соёрхон батлахыг зөвшилцлөө

0

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, хуралдааныг УИХ-ын гишүүн Н.Энхболд даргалав. Байнгын хорооны хуралдаанаар Олон улсын хөрөнгө оруулалтын банкийг байгуулсан хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн тухай 2015 оны Протоколыг соёрхон батлах тухай, мөн Засгийн газраас энэ сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкийг байгуулсан хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн тухай 2014 оны Протоколыг соёрхон батлах тухай асуудлыг тус тус зөвшилцлөө. Энэ талаархи танилцуулгыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа хийсэн юм.

Олон улсын хөрөнгө оруулалтын банк, Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкийг хуучнаар Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн гишүүд орнуудын Засгийн газар хоорондын 1963, 1970 оны хэлэлцээрийн дагуу анх үүсгэн байгуулжээ. БНМАУ-ын /хуучин нэрээр/ “Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк байгуулах тухай хэлэлцээр”-ийг Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1963 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Хэлэлцээр байгуулах тухай” 223 дугаар зарлигаар, “Олон улсын хөрөнгө оруулалтын банк бхйгуулах тухай хэлэлцээр”-ийг Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1970 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 26 дугаар зарлигаар тус тус баталсан аж.

Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк байгуулах тухай хэлэлцээрт 1970, 1977, 1990, 2014 онуудад, харин Олон улсын хөрөнгө оруулалтын банк байгуулах тухай хэлэлцээрт 1970, 1990, 2015 онуудад тус тус нэмэлт, өөрчлөлт оруулж иржээ. Иймд Олон улсын гэрээний тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк байгуулах тухай хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн тухай 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Протоколыг соёрхон батлах тухай, Олон улсын хөрөнгө оруулалтын банк байгуулах тухай хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн тухай 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн Протоколыг соёрхон батлах тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөх, улмаар хуулийн төслийг соёрхон батлуулах шаардлагатай гэж үзсэн байна.

Олон улсын банк байгуулах тухай эдгээр хэлэлцээрт нэгдсэн орсон зарим улс банкны гишүүнээс гарсан, зарим гишүүн орны нэр өөрчлөгдсөн, банкны дүрмийн санг бүрдүүлсэн валютын нэрийг евро болгож өөрчилсөн, түүнчлэн банкны дүрмийн сангийн хувь хэмжээ өөрчлөгдөж байгаа зэргийг харгалзан банкуудыг үүсгэн байгуулах тухай гэрээ болон дүрэмд Протоколоор нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Иймээс манай улс эдгээр банкны гишүүн орны хувьд хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулсан Протоколуудыг дэмжих нь зүйтэй гэж Засгийн газар үзсэн байна.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь эдгээр банкийг үүсгэн байгуулсан тухай хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн тухай Протоколуудыг соёрхон батлах тухай асуудлыг зөвшилцөхийг дэмжсэн тул хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт зөвшөөрч, энэ талаархи Байнгын хорооны санал, дүгнэлт болон хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here