Нүүр хуудас Улс төр ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле БНФУ-д айлчиллаа

ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле БНФУ-д айлчиллаа

9
0
ded-said-Saule
ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле БНФУ-д айлчиллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле тэргүүтэй төлөөлөгчид энэ оны тавдугаар сарын 23-30-ны өдрүүдэд БНФУ-д ажлын айлчлал хийлээ. Төлөөлөгчид айлчлалын үндсэн зорилгын хүрээнд Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын 87 дугаар Ерөнхий чуулганд оролцсон бөгөөд Чуулганы үеэр Япон, Казакстан, Туркменистан зэрэг орнуудын төлөөлөгчдийн тэргүүнтэй уулзаж санал солилцов.

Чуулганы нээлтийн үеэр дэд сайд Ж.Сауле Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарт гарч буй ахиц дэвшил, малын халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл хийж, үг хэлэв.

Айлчлалын хүрээнд Францын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Дидиер Гиеом болон түүний Хүнсний асуудал эрхэлсэн зөвлөх Бруно Феррератай уулзав. Уулзалтын үеэр Франц улсаас амьд үхэр экспортлоход тавигдах эрүүл ахуйн гэрчилгээний асуудлыг эцэслэн тохироход Монголын тал эрчимтэй ажилласанд Францын тал талархаж буйгаа илэрхийлээд цаашдаа монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдийг газарзүйн индекст оруулах чиглэлд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийллээ. Дэд сайд Ж.Сауле Франц Улсаас импортолсон хонинд зориулсан эм бэлдмэлд холбогдох зөвшөөрөл олгоход хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдээд Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай 2003 оны баримт бичгийг шинэчлэн байгуулахын чухлыг онцолсноос гадна хөдөө аж ахуйн техник, технологийн шинэчлэл хийх санг нэмэгдүүлэх, францад хөдөө аж ахуйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, сургалтад хамруулахад хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв. Уулзалтын эцэст талууд Мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Төлөөлөгчид Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Моник Элуатай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтын хүрээнд дэд сайд Ж.Сауле Монгол Улсын эдийн засгийн байдлын талаар мэдээлэл өгч, эдийн засгийг уул уурхайн салбараас хараат бус байлгах, хөдөө аж ахуйн салбар луу тэлэн төрөлжүүлэхийн чухлыг тэмдэглээд, манай орны хөдөө аж ахуйн салбарын хөгжилд тус байгууллагын оруулж буй хувь нэмэрт талархал илэрхийлэхийн сацуу мал амьтны эрүүл мэндийн тухай болон малын генетик нөөцийн хуулийг УИХ-аар батлуулсан талаар мэдээлэл өглөө. Мөн энэхүү уулзалтаар ДМАЭМБ-ын үнэлгээний багийг 9 дүгээр сарын 23-наас 10 дугаар сарын 10-ны хооронд Монгол Улсад ажиллуулж, мал, амьтны эрүүл мэндийн үнэлгээ хийлгэхээр тохиров. Тус үнэлгээг хийлгэснээр Монголын мал, амьтны эрүүл мэндийг сайжруулах чиглэлд олон улсын санхүүгийн болон бусад байгууллагуудтай хамтран ажиллах боломж нээгдэх юм. Мөн цаашид ДМАЭМБ болон Монгол Улсын хоорон дахь хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох нь бодит хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал гэдэгт талууд санал нэгдэв.

Айлчлалын үеэр төлөөлөгчид Францын ажил олгогч эздийн холбооны Франц, Монголын бизнес зөвлөлийн Ерөнхийлөгч Кристоф Фонтаньтай уулзаж, Монгол Улсад францын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн салбарын худалдааг өргөтгөх зэрэг хамтын ажиллагааны талаар ярилцав. Тус байгууллагаас Монгол Улсын эдийн засгийг өргөжүүлэх хүрээнд хамтран ажиллах чиглэлээ тодорхойлох, олон улсын стандартад нийцсэн арга туршлага нэвтрүүлэх, сургалт зохион байгуулах зэргээр хамтран ажиллахад сонирхолтой байна. Энэхүү үйл хэргийг ХХААХҮЯ-ны зүгээс дэмжиж ажиллахаа мэдэгдээд 21 аймагт 100 үйлдвэр байгуулах зорилготой 21:100 хөтөлбөрийн хүрээнд францын аж ахуйн нэгжүүдийг оруулах, мөн байгаль орчинд ээлтэй бараа бүтээгдэхүүн хамтран үйлдвэрлэх санал тавилаа.

Үүнээс гадна төлөөлөгчид Францын Монбиллиар, Лимузин үүлдрийн үхрийн фермүүдтэй танилцаж, жижиг дунд хэмжээний мах, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх туршлагаас судалсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here