Нүүр хуудас Улс төр Хууль тогтоомжийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулахаар тогтов

Хууль тогтоомжийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулахаар тогтов

0

Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 4 гишүүнээс өнгөрсөн 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хууль тогтоомжийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гарсангүй. Харин хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, Д.Сарангэрэл, Ц.Цогзолмаа нар болон Өргөдлийн байнгын хорооноос зарчмын зөрүүтэй зарим санал ирүүлсэн нь хууль тогтоомжийн төслүүдэд тусгагдсан учраас санал хураалгах шаардлагагүй гэж Байнгын хороо үзсэн байна.

Хууль тогтоомжийн төслийн анхны хэлэлцүүлгийн явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй учраас Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд дээрх хууль, тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжлээ. Гишүүний гаргасан горимын санал дэмжигдсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 92.9 хувь нь дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here