Нүүр хуудас Улс төр Хууль зүйн байнгын хороо хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

Хууль зүйн байнгын хороо хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

137
0
Хууль зүйн байнгын хороо хуулийн төслүүд
Хууль зүйн байнгын хороо хуулийн төслүүд
 Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн /2016.11.22/ хуралдаан 14 цаг 28 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэв.
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ.

Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулсан юм.

Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 4.2-т “Үндсэн чиглэлийн төслийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох бусад байгууллагын саналыг авч нэгтгэн судалсны үндсэн дээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийцүүлэн боловсруулна” гэж заасан. Улсын Их Хурал өмнө нь дөрвөн удаа хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл баталж, хэрэгжүүлж байжээ. Харин өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд буюу 2016 он хүртэл хууль тогтоомж боловсруулах талаар үндсэн чиглэл батлагдаагүй.

Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн төсөлд Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, холбогдох бусад байгууллага зэрэг нийт 43 байгууллагаас санал авч нэгтгэсний үндсэн дээр үндсэн чиглэлийн төсөлд 260 хууль, Улсын Их Хурлын 16 тогтоолын төсөл боловсруулж өргөн мэдүүлэхээр тусгажээ.

Үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан эдгээр 260 хуулийн төслийг хууль санаачлагчаар нь авч үзвэл, Засгийн газар 239, Улсын Их Хурлын гишүүд 17, Монгол Улсын Ерөнхийлөгч 4 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын төслийн хувьд Засгийн газар 12, Улсын Их Хурлын гишүүд 3, Монгол Улсын Ерөнхийлөгч 1 тогтоолын төсөл тус тус санаачлахаар тогтоолын төсөлд тусгасан. Эдгээр хуулийн төслийн 75 нь анхдагч хуулийн төсөл, 85 нь шинэчилсэн найруулга, 99 нь хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, 1 нь хууль хүчингүй болгох тухай хуулийн төсөл болохыг сайд илтгэлдээ дурдлаа. Мөн уг тогтоолын төсөл батлагдснаар Засгийн газраас 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, хууль санаачлагчдаас санаачлах хууль тогтоомжийн төслүүд давхардалгүй, тодорхой цаг хугацаанд төлөвлөгдөн, өөр хоорондоо уялдаа холбоотой боловсруулагдах боломжтой болно гэдгийг тэрбээр онцлов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here