Нүүр хуудас Улс төр Хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

67
0

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Засгийн газраас өнгөрсөн оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаархи Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа танилцуулав.

Байнгын хорооны тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн А.Ундраагаар ахлуулан Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Д.Гантулга, М.Оюунчимэг, Н.Учрал, Ц.Цогзолмаа, С.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулжээ. Байнгын хороо энэ сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэн энэ талаархи санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналуудаа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос зарчмын зөрүүтэй 21 санал гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн юм. Тухайлбал, төслийн 3 дугаар зүйлд “Нийгмийн даатгалын сангаас өндөр насны, эсхүл цэргийн алба хаагчийн тэтгэвэр авч байгаа иргэн энэ хуулийн 3.1-д заасан насанд хүрээгүй бол энэ хуулийн 9, 11 дүгээр зүйлд заасан дэмжлэг, үйлчилгээнд хамрагдана” гэсэн агуулгатай 3.2 дахь хэсэг нэмэх, төслийн 8.1.2 дахь заалтыг “Шүд /үнэт металлаар хийхээс бусад/-ний протезийн дотоодод хийлгэсэн зардлын үнийг 3 жилд нэг удаа нөхөн олгох” гэж өөрчлөн найруулахаар тогтов. Мөн төслийн 8.1.5 дахь заалтыг “Ахмад настны орлогын баталгааг хангах зорилгоор тэтгэврийн хэмжээг хүн амын амьжиргааны доод түвшин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон инфляцийн өөрчлөлтийг харгалзан Засгийн газар тухай бүр нэмэгдүүлнэ” гэж өөрчлөн найруулах, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэгийн саналаар төслийн 12.4 дэх хэсгийг “100 болон түүнээс дээш настай ахмад настанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ, гарын бэлэг гардуулж болно” гэж өөрчлөхийг дэмжив. Хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх, үүнтэй холбогдуулан төслийн 16 дугаар зүйлийг Зөрчлийн тухай хуультай нийцүүлж өөрчлөн найруулахаар тогтлоо. Ингээд хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаархи Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан юм. Байнгын хороо хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 4 саналыг дэмжиж, 4 санал нь олонхийн дэмжлэг аваагүй аж.

Ингээд байнгын хорооноос дэмжсэн болон дэмжээгүй зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв. Төслийн 1.1, 4.1 дэх хэсгийн “хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн” гэсний дараа “Монгол Улсын Үндсэн хуулийг баталсан /1990-1992 он/ Ардын Их Хурлын депутат” гэж нэмэх, 5.3.3 дахь заалтын “зүтгэлтэнд” гэснийг “зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийг баталсан /1990-1992 он/ Ардын Их Хурлын депутат” гэж өөрчлөх, төслийн 10 дугаар зүйлд “Энэ хуулийн 1.1, 4.1-д заасан Монгол Улсын Үндсэн хуулийг баталсан /1990-1992 он/ Ардын Их Хурлын депутатад энэ хуулийн 53.3-т заасан нэмэгдэл, энэ хуулийн 5.4-т заасан хөнгөлөлтийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгоно” гэсэн агуулгатай 10.2 дахь хэсгийг нэмэхээр болов.

Харин ажлын хэсгээс гаргасан төслийн 1.1, 4.1 дэх хэсгийн “хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн” гэсний дараа “Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан /1990-1992 он/ Улсын Бага Хурлын гишүүн” гэж нэмэх, 5.3.3 дахь заалтын “зүтгэлтэнд” гэснийг “зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан /1990-1992 он/ Улсын Бага Хурлын гишүүнд” гэж өөрчлөх саналыг байнгын хороо дэмжээгүй аж. Энэ талаар Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан энэ саналаар хоёр удаа санал хураалгахад тайлбар дутуу, ойлголт зөрүүгөөс болоод дэмжигдээгүй, гэхдээ зарчмын хувьд дэмжих учиртай санал учраас Байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжиж өгөхийг гишүүдээс хүссэн юм. Ингээд уг саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Байнгын хорооны саналыг дэмжээгүй тул ажлын хэсгийн санал төсөлд үлдэв. Мөн дэмжигдээгүй бусад саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here