Нүүр хуудас Улс төр Хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв

Хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв

257
0

Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн талаархи Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт нар танилцуулав.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 1981 онд 34 дүгээр чуулганаараа Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний маркетингийн тухай олон улсын хуулийг, манай улс 2005 онд Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хуулийг баталсан. Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хууль батлагдаж хэрэгжсэн 11 жилийн хугацаанд уг хуульд нэмэлт, өөрчлөлт хийгдээгүйн дээр зохицуулж байгаа харилцаа нь өнөөгийн нөхцөлд бүрэн нийцэхгүй болсон. Тухайлбал, хуулийн нэр, хуульд хэрэглэгдэж байгаа нэршил, тайлбар буруу томьёологдсон, оролцогч талуудын харилцааг бүрэн тусгаагүй орхигдуулсан, хуульд дурдагдсан бүтээгдэхүүний зар сурталчилгааны зохицуулалт өнөөгийн мэдээллийн технологийн хөгжлийг гүйцэхгүй болсон, нэгээс дээш насны балчир хүүхдийн хоол, ундтай холбогдох харилцаа зохицуулалтгүй орхигдсон, хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага сул зэргээс үндэслэн хуулийг шинэчлэн сайжруулах шаардлагатай болсныг Эрүүл мэндийн сайд илтгэлдээ дурдав.

Иймд Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хуулийг шинэчлэн найруулж, 5 бүлэг, 20 зүйл, 56 заалт, 94 хэсэг бүхий Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулжээ. Хуулийн төсөлд хуулийн хүрээнд дурдсан бүтээгдэхүүний найрлага, үйлдвэрлэл, сав, баглаа боодол, шошгод тавих ерөнхий болон тусгай шаардлага, хориглох зүйл, бүтээгдэхүүний зар сурталчилгааны зохицуулалтыг зэргийг нарийвчлан тусгажээ.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Сарангэрэл нар салбарын сайдаас асуулт асууж тодруулан хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх талаар Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Ц.Цогзолмаа, Н.Амарзаяа нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн. Ингээд Байнгын хорооны саналаар хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 92.7 хувь нь дэмжсэн тул хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлсэн юм.

Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Донорын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг танилцуулав. Мөн уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх асуудлыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн талаархи санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг танилцуулсан юм.

Донорын тухай хуулийг шинэчлэн найруулах шалтгаан нь анагаах ухааны практикт эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын шинэ технологи нэвтэрсэн, сүүлийн жилүүдэд хүн амын өвчлөл нэмэгдэж, нас баралтын тэргүүлэх шалтгаанд хорт хавдар, гадны шалтгаант осол гэмтэл эзэлж, жилээс жилд төрөлт нэмэгдэж, төрөлтийн хүндрэл буурахгүй, олдмол болон төрөлхийн цусны өвчлөл нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд одоогийн мөрдөж байгаа хууль нь цаг үеийн шаардлагыг бүрэн хангахгүй байгаатай холбоотой гэдгийг Эрүүл мэндийн сайд илтгэлдээ дурдав.

Манай улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээ эрчимтэй хөгжиж, 2006 онд анхны бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийснээс хойш өнөөдрийг хүртэл 128 иргэнд бөөр (108 иргэнд амьд донороос, 10 иргэнд амьгүй донороос бөөр шилжүүлэн суулгасан), 28 иргэнд элэг (27 иргэнд амьд донороос, 1 иргэнд амьгүй донороос элэг шилжүүлэн суулгасан), мөн 2 иргэнд ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээг амжилттай хийжээ. Эрхтэн шилжүүлэн суулгах оношилгоо, эмчилгээний нийт зардалд ойролцоогоор 16-85 сая төгрөг шаардагддаг байна. Сүүлийн 3 жилд 300 гаруй хүн элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхээр гадаад улс руу явсан байх бөгөөд зөвхөн эмчилгээний зардалд 50.000-250.000 ам.доллар, бөөр шилжүүлэн суулгах мэс засал эмчилгээний зардалд 50.000-110.000 ам.доллар зарцуулж байгаа нь эмчлүүлэгч болон тэдний ар гэрт асар их эд материал, санхүүгийн болон сэтгэл санааны дарамт, чирэгдэл учирч, их хэмжээний мөнгө гадагшаа урсаж байгааг гэж сайд онцлов.

Донорын тухай хуулиар гамшиг, онцгой байдлын үөийн цусны нөөцийг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж байгаа хэдий ч цус, цусан бүтээгдэхүүн, тэдгээрийн орлох бэлдмэлийн нөөцийн нөхөн хангалт, нөөцийн хяналтын зохицуулалт, цусны донор элсүүлэх, алдаршуулах, урамшуулахтай холбоотой зохицуулалт тусгагдаагүй байдаг аж. Иймд дээрх нөхцөл, шаардлагыг үндэслэн иргэдэд учирч байгаа санхүүгийн дарамтыг багасгах, донорын үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох, донороос өвчтөнд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах, хүйн цусны донорын банк болон цусны үүдэл эсийн банк байгуулах, цус, цусан бүтээгдэхүүн, тэдгээрийг орлох бэлдмэлийн нөөцийн нөхөн хангалт, нөөцийн хяналтын зохицуулалт, цусны донор элсүүлэх, алдаршуулах, урамшуулахтай холбоотой зохицуулалтыг нарийвчлан зохицуулах үүднээс Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, М.Билэгт, Д.Сарангэрэл, Н.Амарзаяа нар Эрүүл мэндийн сайдаас асуулт асууж тодруулан хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх талаар Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, Д.Сарангэрэл нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 95.2 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here