Нүүр хуудас Улс төр Улсын Үндсэн хууль баталсны түүхт 27 жилийн ой тохиолоо

Улсын Үндсэн хууль баталсны түүхт 27 жилийн ой тохиолоо

55
0
undsen-huuli
Үндсэн хууль баталсны түүхт 27 жилийн ой тохиолоо

Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхагласны түүхт 27 жилийн ой өчигдөр буюу /2019-01-03/-нд тохиолоо.

Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталж гаргасан ба эхний гурван хууль намч хандлага, марксист үзэл суртлыг баримталж байв. Харин 1992 оны шинэ Үндсэн хууль бол манай орны нийт хүн амыг нийгмийн анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлалгүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлсэн ардчилсан Үндсэн хууль гэж Монголын ард түмэн нийтээр хүлээн зөвшөөрдөг билээ.

Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуультай болоход тухайн үедээ улс төрийн олон намын төлөөлөлтэйгээр анхны ардчилсан чөлөөт сонгуулиар байгуулагдаж, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байсан Ардын Их Хурлын 430 гаруй депутат, Улсын Бага Хурлын 50 гаруй гишүүн оюун ухаанаа уралдуулан 75 хоног хэлэлцэн баталсан түүхтэй. Мөн шинэ Үндсэн хуулийг батлах олон нийтийн хэлэлцүүлэгт Монголын нийт 1,2 сая иргэний 75 орчим хувь нь оролцож, 200 мянга гаруй санал ирүүлж байжээ.

~Монгол улс түүхэндээ Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталсан байдаг~

Тухайн үеийн Ардын Их Хурлын депутатууд 1992 онд 70 зүйлтэй шинэ Үндсэн хуулийг батлахдаа 34 зүйлийн 60 гаруй заалтад эрх зүйн үндсийг нь хуулиар тогтоохоор зааж, шинээр бүрдэх байнгын ажиллагаатай парламентад даатгаж үлдээсэн байдаг. Үндсэн хуулийн эдгээр заалтуудын дагуу холбогдох хууль боловсруулан баталж, Үндсэн хуулийг амилуулан иж бүрэн хэрэгжүүлэх гол үүргийг 1992-1996 оны Улсын Их Хурал бүрдүүлсэн юм.

Шинэ Үндсэн хуульд Монгол Улсын Их Хурал, төрийн тэргүүн Ерөнхийлөгчийн институци, Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Шүүх эрх мэдлийн байгууллагуудын сонгох, томилох үндэслэл журам, бүрэн эрх, чиг үүрэг, харилцааны зарчим, зохион байгуулалтын үндсийг төрийн эрх мэдлийг тэнцвэржүүлэн хуваарилах, харилцан хяналт тавих зарчмын үндсэн дээр хуульчлан тогтоосон. Төрийн тогтолцооны буюу Монгол Улсын Их Хурлын тухай, Ерөнхийлөгчийн тухай, Засгийн газрын тухай, Монгол Улсын Шүүхийн тухай, Прокурорын байгууллагын тухай, Яам, агентлагийн эрх зүйн байдлын тухай болон эрүү, иргэн, захиргааны хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх тухай хуулийг баталж, төр, иргэн-иргэний нийгмийн харилцааны суурь зарчмууд хуульчлагдаж, хүний эрх, эрх чөлөөний эрх зүйн баталгаа бүрдсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here