Нүүр хуудас Улс төр УИХ-ын Орон тооны бус бодлогын зөвлөл байгуулна

УИХ-ын Орон тооны бус бодлогын зөвлөл байгуулна

8
0
oron-toonii-bus-zowlol
УИХ-ын Орон тооны бус бодлогын зөвлөл байгуулна

УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын Тамгын газрын үе үеийн нарийн бичгийн дарга нар болон Шинжлэх ухааны академи, МУИС, Удирдлагын академийн эрдэмтэн, судлаач, залуу хуульчдыг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтаар УИХ-ын Бодлогын судалгааны орон тооны бус зөвлөл байгуулах тухай асуудлаар санал солилцов.

Уулзалтын эхэнд, УИХ-ын 2002 оны 22 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөө”-ний талаар УИХ-ын дарга дурдав. Энэ баримт бичигт үндсэн 5 чиглэлээр УИХ-ын стратеги зорилтыг тодорхойлсон байдаг. Үүний дотор парламентын судалгаа шинжилгээний төвийг байгуулж, бие даасан институт болгох зорилт байдгийг тэрбээр онцлов. Энэхүү стратеги төлөвлөгөөг шинэчлэх ажлын хэсгийг УИХ-ын дэд даргаар ахлуулан байгуулсан талаар УИХ-ын дарга уулзалтад оролцогчдод танилцууллаа.

Түүнчлэн УИХ-ын Тамгын газрын бүтэц дэх Судалгаа, шинжилгээний нэгжийн үйл ажиллагааг нь өргөжүүлэн шинэчлэхээр төлөвлөснөө танилцуулж, мэдээлэл өгөв. Эдгээр зорилтын хүрээнд, УИХ-ын ажлын залгамж чанарыг хангах, хууль тогтоох болон хянан шалгах чиглэлд арга зүй, мэдээллээр дэмжих, судалгаа шинжилгээний төв байгуулж, бэхжүүлэхэд зөвлөгөө өгөх, хамтран ажиллах Орон тооны бус бодлогын зөвлөл байгуулах нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа тайлбарлав.

Тэрбээр, “Парламентын нэр хүнд бол ардчиллын нэр хүндтэй шууд хамааралтай. Өнөөдрийн байдлаар, нэр хүнд нь хамгийн тааруу байгаа. Тиймээс бидний нэн тэргүүний зорилт бол парламентын засаглал, иргэдийн төрд итгэх итгэлийг сэргээх болж байна. Энэ хүрээнд, УИХ-ын Тамгын газрын үе үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга нар, Шинжлэх ухааны академи, Удирдлагын академи, МУИС-ийн төлөөлөл болон Америк, Япон, Англи, Франц зэрэг улс орны парламентын талаар судалгаа хийж, суралцаж, цол зэрэг хамгаалсан залуу хуульчдын төлөөллийг багтаасан Орон тооны бус бодлогын зөвлөл байгуулах асуудлаар Та бүхэнтэй зөвшилцөхөөр уулзаж байна” гэлээ. Тус зөвлөл нь эхний ээлжинд УИХ-ын Судалгаа, шинжилгээний төвийн бүтэц, үйл ажиллагааны талаар саналаа илэрхийлэх, улмаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудалд төвлөрөн ажиллах ёстой гэж УИХ-ын дарга үзэж байна.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар 2008-2012 онд ажилласан Ц.Шаравдорж УИХ-ын даргын энэхүү санаачилгыг дэмжин хүлээж авч буйгаа илэрхийлэв. УИХ-ын нэр хүндийг өргөх, УИХ-ын Тамгын газрын бүтэц дэх судалгааны нэгжийг өргөжүүлэх, бэхжүүлэх нь тун чухал ач холбогдолтой хэмээн тэрбээр тэмдэглээд, “Судалгаа бол хууль тогтоох үйл ажиллагааны тархи гэж ойлгодог. Энэ хүчээ зөв голдиролд оруулахаар одоогийн УИХ-ын удирдлага анхаарал тавьж байгаа нь чухал” гэв. Түүнчлэн зөвлөл албан ёсоор байгуулагдсаны дараа энэ талаарх мэдээллийг УИХ-ын гишүүдэд тодорхой хүргэж, танилцуулах нь зүйтэй гэдгийг онцоллоо.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар 1996-2000 онд ажилласан Л.Цог парламентын нэр хүнд буурсан өнөөгийн байдлыг засах, сайжруулах шаардлага бий гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлээд, УИХ-ын даргын санаачилгыг цаг үеэ олсон шийдэл хэмээн талархан хүлээж авч буйгаа хэлэв. Мөн тэрбээр УИХ-ын хуралдааны ирц, саналыг гишүүдийн хурууны хээгээр бүртгэдэг болж буй нь туйлын зөв шийдэл бөгөөд олон зүйлийг зөв чиглэлд нь оруулна хэмээн үзэж байна гэв.

Маргааш эхлэх УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хурууны хээний системийг ашиглан ирц бүртгэж, саналыг авч эхэлнэ гэдгийг Г.Занданшатар дарга хэлэв. Одоогийн байдлаар 72 гишүүний хурууны хээг мэдээллийн санд бүртгэн, төхөөрөмжийг 263 000 удаа туршин баталгаажуулаад байгаа аж. Үүнтэй холбоотойгоор хуралдааны ирц бүрдэхгүй, хууль батлагдахгүй байх зэрэг эрсдэл үүсэх магадлалтайг тэрбээр дурдаад “Судлаач, мэргэжилтнүүдээр бусад улс орны парламентын энэ төрлийн туршлага, жишгийг судалж, шийдлүүдийг харж байна. Үүнд Та бүхний зөвлөгөө, туслалцаа шаардлагатай. Та бүхэн энэхүү судалгаа болон шийдлийн хувилбаруудтай танилцаарай” гэв.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Лувсанжав, Д.Батбаатар, эрдэмтэн доктор Г.Чулуунбаатар, О.Мөнхсайхан нар Орон тооны бус бодлогын зөвлөл байгуулахыг дэмжиж санал бодлоо илэрхийлэв. Тэд судалгаа, үндэслэлд тулгуурлан хуулийн төслүүд боловсруулж, хэлэлцэх батлах үйл явцад гишүүдийг шаардлагатай мэдээлэл, зөвлөмж тусламжаар хангах, хэрэгжилтийг зөв зохион байгуулах нь тогтвортой, эрх зүйт төрийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар Орон тооны бус бодлогын зөвлөл байгуулах шийдвэр гаргаж, үйл ажиллагааг албажуулах, бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүдэд болон олон нийтэд танилцуулах, холбогдох дүрэм, журмыг боловсруулан гаргах чиглэлийг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонд өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here