Нүүр хуудас Улс төр Төрийн ордны барилгын өнөөгийн төлөв байдлын талаар мэдээлэл хийлээ

Төрийн ордны барилгын өнөөгийн төлөв байдлын талаар мэдээлэл хийлээ

242
0

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар “Төрийн ордны барилгын өнөөгийн төлөв байдлын дүгнэлт, чанар, аюулгүй байдлын шаардлагыг хангах зарим арга хэмжээний талаар” Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатын мэдээллийг сонсов.

Тэрбээр, “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 34 дүгээр тогтоолоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн биелэлтийг хангах, хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт даалгаж, уг ажлын хүрээнд Төрийн ордонд байрладаг байгууллагуудыг шилжүүлэн байрлуулах талаар санал боловсруулж Улсын Их Хуралд танилцуулахыг үүрэг болгосон. Энэ дагуу Ерөнхий сайдын 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 78 дугаар захирамжаар уг асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, асуудлыг газар дээр нь судалж үзсэний үндсэн дээр зохих дүгнэлт, зөвлөмж гаргасан талаар Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм.

Төрийн ордны барилгыг анх 1947 оноос эхлэн барьж 1951 он (7 блок)-д ашиглалтад оруулсан бөгөөд 1961 (7 блок), 1981 (5 блок) онуудад хоёр удаа өргөтгөл хийгдсэн, нийт 19 блок барилгаас бүрддэг байна. Анхны барилгын хийц нь чулуун суурьтай, тоосгон ханатай, модон хучилттай /баруун зүүн жигүүр нь 3 давхар/ бол 1961 оны өргөтгөл нь цутгамал хучилттай баригдсан. Харин 1981 онд баригдсан хэсэг нь 5 блокоос бүрддэг бөгөөд газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээг тооцож барьсан байна. Мөн Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборыг 2005-2008 онд барьж ашиглалтад оруулжээ.

Газар хөдлөлийн бичил мужлалын зургийн дагуу Улаанбаатар хотын 7 баллын бүс нутагт байрлах Төрийн ордны 4 хэсэг бүхий барилгыг Барилгын тухай хууль, “Барилга байгууламжийн ашиглалтын дүрэм”-д заасны дагуу 2001 онд паспортжуулжээ. Уг ажлын хүрээнд 1951 онд ашиглалтад орсон анхны барилгуудыг газар хөдлөлтөд тэсвэрлэх чадваргүй, ашиглалтын үеийн аюулын байдалтай, 1961 онд ашиглалтад орсон нэгдүгээр өргөтгөлийн барилгуудыг газар хөдлөлтөд тэсвэрлэх чадваргүй, ашиглалтын үеийн аюулын байдалтай, харин 1981 онд ашиглалтад орсон хоёрдугаар өргөтгөлийн барилгуудыг газар хөдлөлтийн норм, дүрмийн шаардлагыг хангахгүй гэж тус тус дүгнэсэн байдаг аж.

Улмаар Төрийн ордны барилгын паспортжуулалтын дүнг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2010 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хурлаар нарийвчлан хэлэлцээд “Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм”-ийн шаардлагад нийцүүлэн 1951, 1961 онд ашиглалтад орсон барилгуудыг буулгаж, шинээр төлөвлөлт хийх, 1981 онд ашиглалтад орсон барилгыг зураг төслийн байгууллагаар тооцоо, судалгаа хийлгүүлж бэхлэх, хүчитгэх арга хэмжээ авах зөвлөмж гаргажээ. Тухайн үеийн тооцоогоор Төрийн ордны барилгын 1951-1961 оны хэсгийг хүчитгэвэл 28,7-40,9 тэрбум төгрөг, уг хэсгийг буулгаж шинээр барихад 37,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдах тооцоо гарсан байна. Мөн мэргэжлийн хяналтын байгууллага 2008 оноос хойш 20 гаруй дүгнэлт, цаашид авах арга хэмжээний санал, зөвлөмж гарган холбогдох байгууллагуудад хүргүүлж байсан ч тодорхой арга хэмжээ авалгүй өдий хүрчээ.

Ажлын хэсэг Төрийн ордонд байрладаг байгууллагуудын аюулгүй байдлыг хангах, цаашид шилжүүлэн байрлуулах талаар санал боловсруулах ажлын хүрээнд Төрийн ордны барилгын өнөөгийн төлөв байдалд мэргэжлийн байгууллагаар оношлогоо, судалгаа хийлгүүлэх болон холбогдох тооцоо, судалгаа хийлгэсний зэрэгцээ төрийн дээд байгууллагуудыг түр байрлуулах боломжит байрыг сонгох, шилжүүлэх асуудлыг судалж, санал боловсруулсан байна. Төрийн ордны барилгын өнөөгийн төлөв байдлыг тогтоосон чанар, аюулгүй байдлын дүгнэлтийг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилга, архитектурын сургуулийн багш, доктор Я.Дүйнхэржав, З.Биндэръяа зэрэг барилгын хийц, бүтээцийн чиглэлээр нарийн мэргэшсэн эрдэмтэд, холбогдох байгууллагын 13 мэргэжлийн хүнээс бүрдсэн дэд ажлын хэсэг 4 сарын турш Төрийн ордны барилгад нарийвчилсан үзлэг, шалгалтын ажлыг гүйцэтгэсний үндсэн дээр боловсруулжээ. Энэ талаар Шинжлэх ухаан технологийн их сургуулийн багш, доктор Я.Дүйнхэржав танилцуулга хийсэн юм.

Эрдэмтэн судлаачид оролцсон ажлын дэд хэсэг Төрийн ордны барилгын 1951 онд баригдсан 7 блок барилгыг бүтээцлэлд тавигддаг 15 шаардлагын үзүүлэлтээс 10 нь, 1961 оны эхний өргөтгөлийн 7 блок барилгын 3 үзүүлэлт нь шаардлага хангахгүй байгаа учир буулгаж шинээр барих шаардлагатай гэж дүгнэжээ. Мөн 1981 онд баригдсан 5 блок барилгад хүчитгэлийн арга хэмжээг авах боломжтой. Түүнчлэн хүчитгэлийн ажлын хүрээнд Төрийн ордны хуралдааны Их танхимын хоёр дам нурууг хүчитгэх, шинээр 9 шат төлөвлөж оруулах, дээвэр, ус зайлуулах системийг сайжруулах зэрэг арга хэмжээг шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн байна.

Дээр дурдсан санал, дүгнэлтийн дагуу ажлын хэсэг Төрийн ордны барилгын чанар, аюулгүй байдлыг хангахын тулд юуны өмнө 1951, 1961 онд баригдсан, газар хөдлөлтөд тэсвэргүй 14 блок барилгыг буулгаж шинээр барих асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна. Үүний тулд буулгаж шинээр барих, хүчитгэх ажлын зургийг хийх, түүнд үндэслэн төсөв хөрөнгийг тодорхойлох арга хэмжээг нэн яаралтай авах шаардлагатай. Ингэснээр 2018 оноос барилгыг үе шаттайгаар блок хэсгүүдээр буулгаж барих боломж бүрдэнэ. Ингэхдээ барилгын гадна талын хэв загвар /фасад/-ыг хадгалан авч үлдэж, барилгын дотоод зохион байгуулалт, барих технологийг орчин үеийн төлөвлөлтийн болон арга технологийн дагуу гүйцэтгэх бүрэн боломжтой. Барилга, хот байгуулалтын яамнаас хийсэн урьдчилсан тооцоогоор Төрийн ордны барилгын 1951, 1961 оны хэсгийг буулгаж, дахин барих өртгийн төсөв ойролцоогоор 38,8 тэрбум төгрөг, 1981 оны хэсгийг хүчитгэж засварлахад 3,6 тэрбум төгрөг, нийт 42,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж тооцсон. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа ийм үед энэ хөрөнгийг гаргах боломж хомс байгаа тул эхний ээлжинд тооцоо судалгааг хийж бэлэн болгох, мөн эрсдэл үүссэн үед Төрийн ордонд байрлан үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг шилжүүлж түр байрлуулах бэлтгэлийг хангахад анхаарах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа Ж.Мөнхбат сайд танилцуулгадаа дурдлаа.

Түүнчлэн ажлын хэсэг Төрийн ордны барилгыг буулгаж, шинээр барихтай холбоотойгоор Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын Их Хурал, түүний Тамгын газар, Засгийн газрыг түр байрлуулах боломжит байрыг сонгох болон шилжүүлэх байрлуулах арга хэмжээг авах шаардлагатай гэж үзсэн. Энэ үндсэн дээр Улсын Их Хурлыг Засгийн газрын 11 дүгээр байранд, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албыг Их тэнгэр дэх 24 дүгээр байранд, харин Засгийн газрыг Засгийн газрын 13 дугаар /Зам, тээврийн хөгжлийн яам/ байранд түр хугацаанд байрлуулах боломжтой гэсэн хувилбарыг ажлын хэсэг сонгосон байна. Төрийн ордонд одоогоор нийт 878 хүн ажилладаг бөгөөд нийт 406 өрөө, 37212 м2 ашигтай талбайтай юм байна.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Б.Энх-Амгалан, Г.Занданшатар нар асуулт асууж тодруулан саналаа хэлсэн юм. Мөн байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Байнгын хорооноос тогтоол гаргаж Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй гэж үзэж буйгаа дурдаад Байнгын хорооны тогтоолын төслийг гишүүдэд танилцуулж санал хураалгахад хуралдаанд оролцсон 13 гишүүний 10 нь буюу 76.9 хувь нь тогтоолын төслийг батлахыг дэмжлээ.

Тогтоолын төсөлд Төрийн ордны барилгыг хүчитгэх, шинэчлэн барих арга зам, шаардлагатай хөрөнгийн урьдчилсан тооцоо судалгааг гаргах; Төрийн ордны барилгыг шинэчлэн барих ажил хийгдэх үед түүнд байрладаг байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг ханган, өөр байранд түр шилжүүлэн байрлуулах саналыг боловсруулах; Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах асуудалтай холбогдуулан төрийн дээд байгууллагуудыг нийслэлийн дагуул хот, суурьшлын шинэ бүсэд шилжүүлэн байршуулах боломжийг судлах; эдгээр асуудлаар шийдвэрийн төсөл боловсруулан Улсын Их Хурлын 2017 оны хаврын чуулганд оруулж шийдвэрлүүлэх чиглэлийг Засгийн газарт өгөхөөр тусгасан байна

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here