Нүүр хуудас Улс төр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ Засгийн газарт татварын алдагдал үүсгэв үү…

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ Засгийн газарт татварын алдагдал үүсгэв үү…

156
0
Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ нь Засгийн газарт татварын алдагдал үүсгэв үү...

Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ нь Засгийн газарт татварын алдагдал үүсгэв үү…

Дэлхийн уул уурхайн хоёрдугаарт эрэмблэгдэх Рио Тинто болон Туркойз Хилл Ресурс компанийн татварын тогтолцоо нь Канад, Монголын Засгийн газарт 700 сая ам.долларын татварын алдагдал авчирсан талаарх мэдээлэл олон нийтэд өчигдөр түгсэн билээ.

Тодруулбал SOMO (The Centre for Research on Multinational Corporations) буюу Үндэстэн дамнасан корпорациудыг судлах төвийн Голланд дахь төв нь Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч Туркойз Хилл Ресурс компани Канадын Засгийн газарт ойролцоогоор 470 сая ам.доллар, Монголын талд 230 сая ам.долларын татварыг төлөлгүй орхисон гэсэн дүгнэлт гаргажээ.

Энэхүү дүгнэлтийг ор үндэсгүй гүтгэлгэ хэмээн Рио Тинто компанийн зүгээс няцаасан байна.

Харин дүгнэлт хийсэн тайланг боловсруулсан SOMO байгууллагын хувьд Рио Тинто болон түүний 51%-ийн эзэмшлийн охин компани Туркойз Хилл Ресурс татваргүй хоёр ч бүсэд (Люксембург болон Голланд) ямар ч үйл ажиллагаа эрхэлдэггүй компани байгуулах замаар Канадын Засгийн газарт төлөх ёстой байсан 470 сая ам.долларын татвар хураамжаас бултсан гэж тайлбарлажээ.

Мөн Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ нь Монголын Засгийн газарт хэрхэн 230 сая ам.долларын татварын алдагдал үүсгэсэн тухай тайланд дэлгэрэнгүй өгүүлсэн аж.

Монголын Засгийн газартай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээгээр Рио Тинто компани болон Оюутолгойн төслийн хөрөнгө оруулагч нар томоохон хөнгөлөлтүүдийг авсан нь тус улсын Засгийн газраас ногдуулах татварыг ихээхэн бууруулж байгааг SOMO онцолжээ.

Монголын Засгийн газар өөрсдийн хүлээж буй алдагдлыг зогсоохын тулд 2013 онд Давхар татварын гэрээг цуцалсан ч Хөрөнгө оруулалтын гэрээнд татварыг тогтворжуулах заалт аль хэдийнэ орсон байсан тул яг урьдын адил бага татвар төлөх нөхцөл хэвээр үйлчилж байгааг тэмдэглэв. Татварын ийм тогтолцооны улмаас Монгол улсад 232 сая ам.доллараар бага татвар төлөгдсөнийг тус байгууллага тооцож гаргажээ.

Канадын тухайд татварын алдагдсан боломж илүү их дүн хэмжээгээр яригдаж байна. SOMO байгууллагын судлаач Винсэнт Кизебринкийн үзэж байгаагаар “Оюутолгой уурхай руу толгой компанийнх нь бүртгэлтэй газар болох Канадаас шууд санхүүжилт олгохын оронд, Movele хэмээх Люксембургт байршилтай охин компани руу уурхайн ашгийг хийх аргыг тус компани ашигласан.

Movele компани нь ямар ч ажилтангүй хэрнээ тэрбум ам.долларын зээлийг удирддаг нь treaty shopping буюу давхар татварын гэрээ хэлцэлтэй бусад оронд толгой компаниа байрлуулах замаар татвараас бултаж буйн тод жишээ юм” гэжээ.

Охин компани (Movele)-ийн татвар төлөлт өнгөрсөн хугацаанд маш бага хэмжээтэй буюу 4.19%-ийн татвар төлсөн байна. Үүнд Люксембургийн татварын таатай нөхцөл гол нөлөө үзүүлсэн гэж тус байгууллага үзэж байгаа юм.

Энэхүү татварын тогтолцооны үр дүнд Рио Тинтогийн охин компани Movele Люксембургт 89 сая ам.долларын татвар төлжээ. Хэрэв татвараас ийм байдлаар бултсан тогтолцоог авч хэрэгжүүлээгүйсэн бол Канадад тус компани даруй 470 сая ам.долларыг нэмж татварт төлөх байжээ.

Өөрөөр хэлбэл Канадад татвараа төлөөд ажилласан бол 559 сая ам.долларыг компанийн орлогын татварт төлөх байсан байна. Рио Тинтогийн зүгээс энэхүү зохицуулалтыг Канадын төрийн байгууллага баталсан гэж мэдэгддэг ч “Иргэд энэхүү зохицуулалтыг хэрхэн бас яагаад тус компанид олгох болов гэдгийг олж мэдэх хэрэгтэй.” гэж MiningWatch Canada байгууллагын Олон нийттэй харилцах мэргэжилтэн Жэйми Нийн мэдэгджээ.

Рио Тинто компанийн удирдаж буй Оюутолгой төсөлтэй холбоотой асуудал он гарсаар хэвлэлээр багагүй шуугиж эхэллээ. Гагцхүү татварын асуудал ч бус Оюутолгой төслийн үр ашгийн талаар эргэлзээтэй асуудал байж болзошгүйг зарим хэвлэлд нийтлээд байгаа юм.

Гэхдээ сүүлийн үед гарч буй уг асуудлууд нь Рио Тинтогийн хувьцааны үнэлгээнд огтхон ч нөлөөлөөгүй байна. Харин Туркойз Хилл Ресурс компанийн хувьцааны ханш он гарсаар 15%-иар унаад байгаа бөгөөд өчигдөр Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр нэгж хувьцааны ханш нь 3.03 ам.долларын ханштайгаар хаагджээ.

SOMO байгууллага нь 1973 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд томоохон компаниудын үйл ажиллагааны хүрээнд нийгэм, эдийн засаг, байгаль орчинд үүсч буй үр дагаврыг эрэн сурвалжлах чиглэлээр ажилладаг байна. Энэхүү тайланг гаргахдаа тус байгууллага Оюутолгойн хяналт ТББ-тай хамтран ажиллажээ.

Энэхүү тайлангийн төгсгөлд SOMO, OT Watch, ActionAid Australia, MiningWatch Canada, Inter Pares, болон Canadians for Tax Fairness зэрэг байгууллага Монгол, Люксембург, Канад, Голланд, Австралийн Засгийн газрууд болон Рио Тинто, Оюутолгой төслийн бусад хувь нийлүүлэгчид уурхайн хөрөнгө оруулалтын нөхцөл, татвараас бултах энэ тогтолцоог шалган нягтлахыг шаардаж байгаагаа илэрхийлсэн байна.

Мөн Монгол дахь уул уурхай нь зөвхөн компанийн ашиг бус монголчуудын эрх ашгийн төлөө үйлчилдэг байх нөхцөлийг хангахын тулд арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай гэжээ.

Б.Төгс

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here