Нүүр хуудас Улс төр Монгол Улс саарал жагсаалтад орох эрсдэлтэй байна гэв

Монгол Улс саарал жагсаалтад орох эрсдэлтэй байна гэв

21
0
oyunerdene
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ

Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

-ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн нөхцөл байдал сэргэж байгаа ч 2016 оны эхэн үе шиг хэцүү нөхцөл арилаагүй хэвээр байна. Манай улсын эдийн засаг эмзэг, амаргүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Тиймээс ил тод, Засгийн газраас хийж байгаа үйл ажиллагааг болж байгааг нь байгаагаар нь, болохгүй байгааг нь болохгүй гэж хэлэх нь зүйтэй. 2015 оны Эдийн засгийн ил тодын хууль, банкны салбар хэт улс төртэй холилдож, банк өөрөө бизнес рүү хутгалдсан байдал, авлига болон мөнгө угаах үйл ажиллагаатай тууштай тэмцээгүй гэдэг нөхцөл байдлаас болж Монгол Улс саарал жагсаалтад орох нөхцөл байдалд орчихоод байсан. Одоо энэ нөхцөл байдал арилаагүй байна.

Хэрвээ Монгол Улс саарал жагсаалтад орсон бол та бидний хэрэглэж байгаа долларын данс, төлбөрийн карт гадаадад уншигдах боломжгүй болж, Монгол Улсад валютын ханш 2-3 дахин өсч, аж ахуйн нэгжүүд олон улсад бизнес эрхлэх боломжгүй, гаднын банк санхүүгийн байгууллагатай хамтарч ажиллах боломжгүй болно. Энэ эрсдэл одоо ч гэсэн хэвээрээ байна.

Бид “Эрдэнэт”-ийн 49 хувь, Стандарт банктай холбоотой асуудлыг хурцаар тавьж байгаа нь үүнтэй холбоотой юм. Олон улсын санхүүгийн байгууллагад ил тод гэдгээ нотлох уу, эсвэл дотооддоо хэн нэгэн аж ахуйн нэгжээ хаацайлсан байдлаар явж байгаад улсаараа дампуурал руу орох уу гэдэг салаа замын уулзвар дээр байсан. Өнөөдөр ч энэ байдал үргэлжилж байгааг хэлье.

Монгол Улсын гадаад өр аж ахуйн нэгжүүдтэй нийлсэн байдлаар 29 тэрбум ам.долларт хүрсэн байна. Өрийг тодорхой шат дарааллаар төлж байгаа ч ийм л байдалтай байна. Хөгжлийн банк, “Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авалт, Арбитрт ялагдсан Стандарт банкны өр төлбөр, Улаанбаатарт нүүрлэсэн газрын эмх замбараагүй байдал, түүнийгээ банкин барьцаалсан байдал, Оюутолгой гэрээний алдаатай асуудлуудыг залруулахын тулд Засгийн газар багагүй хугацаа, хүн хүч зарцуулж, амаргүй сорилтон дунд ажиллаж байгаа.

Дараах концессын гэрээг цуцлах шийдвэр гаргалаа

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар зарим өр үүсгэж байгаа концессын гэрээг цуцлах шийдвэр гаргалаа. Нийт 20 гаруй концессын гэрээ хийгдсэн бөгөөд ихэнх нь барих-шилжүүлэх нөхцөлтэй, Засгийн газарт өрийн дарамт учруулах гэрээнүүд байсан. Өнөөдрийн хуралдаанаар стратегийн ач холбогдолтой гэж үзэж болохуйц гэрээнүүдийг авч үлдээд, бусдыг нь хүчингүй болгож байна. Нийт 11 концессын гэрээг цуцлах шийдвэр гаргасан. Жишээ нь, Алтанбулаг-Улаанбаатар чиглэлийн авто зам барих концессын гэрээ, Дорноговь аймгийн Сайншандыг Дэлгэрэх сумтай холбох 130 км авто зам барих төсөл, бага сургууль болон цэцэрлэгийн цогцолбор барих концессын гэрээг багцаар нь цуцалсан. Шалгарсан аж ахуйн нэгжүүд ажлаа хийгээгүй, Засгийн газарт хохирол учруулж, өрийн дарамтыг нэмэгдүүлж байгаа учраас цуцалсан.

Гангийн үйлдвэр барих, Хөтөлийн цементтэй холбоотой асуудлыг ярьсан. Эдгээр төслийг концессын гэрээний заалтаар биш, зөвхөн төмрийн хүдэр олборлолтой холбоотой асуудал үүсч байгаа учраас судлахыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт үүрэг болгосон. Мөн стратегийн ач холбогдолтой концессын гэрээг үргэлжлүүлэн хийхээр боллоо. Говийн бүсэд уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад үйлдвэрийн технологийн ус нийлүүлэх төслийг үргэлжлүүлж, ААН-тэй хамтран ажиллана. Гэхдээ барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэйгөөр Засгийн газар санхүүжилт болон батлан даалт гаргахгүй байхаар тохирсон. Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн авто замын төсөл, Дархан, Сэлэнгийн авто замаас Шаамар, Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг чиглэлийн 120.85 км авто замын төслийг барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр шийдэхээр боллоо. Бусад гэрээ нь хийгдээгүй концессын төслийг зогсоож, цуцална гэж ойлгож болно. Цаашдаа Засгийн газар барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй концессын төслийн саналыг авна. Бусад нөхцөлөөр ирсэн концессын гэрээг хийхгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Өнөөдрийн байдлаар барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр саналаа ирүүлсэн таван төсөл үлдсэн байгаа” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here