Нүүр хуудас Улс төр Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвшигчдийг дэмжив

Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвшигчдийг дэмжив

0

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг чөлөөлж, томилох тухай асуудлыг хэлэлцэж, энэ талаар Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва танилцуулсан юм. Төв банкны тухай хуульд Монголбанкны Хяналтын зөвлөл нь дарга, зургаан гишүүнээс бүрдэх бөгөөд тэднийг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны санал болгосноор Улсын Их Хурлаас зургаан жилийн хугацаатай томилж, чөлөөлөхөөр заажээ.

Тус Байнгын хорооны энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд бүрэн эрхийн хугацаа нь дуусгавартай болсон тул Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, үүнтэй холбогдуулан Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдэд нэр дэвшигчдийг дэмжсэн байна.

Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргад нэр дэвшсэн Д.Даваасамбуу нь 1969-1972 онд Санхүү, эдийн засгийн техникум, 1974-1979 онд ОХУ-ын Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын харилцааны эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1972-1990 онд Сангийн яаманд зааварлагч, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын дарга, 1990-1995 онд Сангийн яамны орлогч сайд, сайд, 1995-1999 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд Худалдаа, эдийн засгийн зөвлөх, 1999-2001 онд Гадаад харилцааны яаманд зөвлөх, 2001-2008 онд Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн вант улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2009-2012 онд Улсын Их Хурлын даргын зөвлөх, 2012 оноос МУИС-ийн Олон улсын харилцаа, нийгмийн удирдлагын сургуульд ахлах багшаар ажиллаж иржээ.

Харин Хяналтын зөвлөлийн гишүүдэд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Удирдах зөвлөлийн дарга, ерөнхийлөгч Б.Лхагважав, “Их Амар” группын ерөнхийлөгч, бизнесийн удирдлагын магистр М.Энх-Амгалан, Удирдлагын академийн тэнхмийн эрхлэгч, эдийн засгийн ухааны доктор Л.Ариунаа, Өмгөөллийн “Эрхэм хуульч” нөхөрлөлийн гүйцэтгэх захирал, хуульч Б.Цэрэнбалтав, Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгийн тэргүүн, эдийн засгийн ухааны доктор, профессор Л.Дондог, Монголын мэргэшсэн нягтлан бодох бүртгэлийн институтийн гүйцэтгэх захирал, бизнесийн удирдлагын магистр, докторант Ч.Чимидсүрэн нарыг нэр дэвшүүлсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ц.Даваасүрэн, О.Баасанхүү, Б.Жавхлан, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, Б.Баттөмөр нар Байнгын хорооны дарга болон нэр дэвшигчдээс асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Үг хэлсэн гишүүд хуулиар Хяналтын зөвлөл нь Монголбанкны Ерөнхийлөгчид зөвлөх эрхтэй, идэвхтэй ажиллаж чадвал тодорхой эрх, үүрэгтэй, Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг бүтэц учраас хуулийн хүрээнд санаачлагатай ажиллах, арилжааны банкууд нь аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг, хувийн компани байгуулж банкны мөнгийг хувийн бизнестээ ашигладаг, зувчуулдаг явдлыг таслан зогсоох, банкны зээлийн хүүг бууруулахад санаа тавьж энэ чиглэлээр Төв банкны удирдлагуудтай хамтарч ажиллах, шийдэмгий, иргэний зориг гарган ажиллаж олон нийтийн хяналтын зөвлөл яаж ажилладгийг олон түмэнд харуулахыг нэр дэвшигчдэд зөвлөж, захилаа.

Ингээд санал хураалт явуулан Байнгын хорооны саналаар Ж.Ядамсүрэнг Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргын, Ж.Үнэнбат, Х.Ганбаатар, Я.Эрхэмбаяр, Д.Моломжамц, Ч.Энхбаатар, Д.Нямаа нарыг Хяналтын зөвлөлийн гишүүнээс тус тус чөлөөлөв. Мөн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 90.4 хувь нь Д.Даваасамбууг Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргаар томилохыг дэмжив. Харин Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад нэр дэвшигч Б.Цэрэнбалтав, Ч.Чимидсүрэн, М.Энх-Амгалан, Л.Дондог, Б.Лхагважав, Л.Ариунаа нарыг Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүнээр томмлохыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 90.4-51.9 хувь нь дэмжсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here