Нүүр хуудас Улс төр Лу.Гантөмөр АН-ын даргад нэр дэвшихээр өргөдлөө гардууллаа

Лу.Гантөмөр АН-ын даргад нэр дэвшихээр өргөдлөө гардууллаа

173
0

Ардчилсан намын Дотоод сонгуулийн түр хороонд
өргөдөл гаргах учир нь:

Лувсанням овогтой Гантөмөр миний бие 1999 оны дөрөвдүгээр сард барууны Либерал үзэлтэй, үзэл бодол, үнэт зүйлтэй залуусын нэгдэл Ардчилсан намд сайн дураараа элссэн. Монгол Улс ардчиллын замыг сонгоод удаагүй байсан тэр он жилүүдэд Монгол үндэстний эрх чөлөө, Монгол хүний эрх, эрх чөлөө, чөлөөт эдийн засгийн хөгжлийн зарчмыг эрхэмлэх үзэл баримтлалтай Ардчилсан нам миний хувьд эргэлзэх шаардлагагүй цорын ганц сонголт байсан юм.
Харамсалтай нь ойрын жилүүдэд эрх чөлөөний тугч Ардчилсан нам маань үзэл санаа, үнэт зүйлээсээ алхам алхмаар холдож, явцуу эрх ашгийн төлөөх бүлэг, цөөн тооны дарга нарыг тойрон хүрээлсэн фракцуудад хуваагдан, олон мянган жирийн гишүүдээсээ нүүр буруулж эв нэгдлээ үгүй хийлээ. Өөрийнхөөрөө бодох, өөрийнхөөрөө ажиллаж амьдрах, амжилтанд хүрэх эрх чөлөөг мэдэрсэн, МЭДДЭГ хамгийн ажилсаг, хөдөлмөрч хэсгээсээ хурааж авсан татварын мөнгөө эргээд эрх чөлөөг нь боох, оюун ухааныг нь мохоох хамгийн муу үр дагавартай үйлст зарцуулдаг улс төрийн ууган хүчинтэй ханьсаж, яг ижил ажил хийдэг боллоо. Энэ бүх утга учиргүй, алсын хараагүй, бодлогогүй үйлдлүүдийг бид одоо зогсоох ёстой. Хүн бүр өөрийн оюун ухаан, авьяас чадвар, хүсэл зорилготой. Түүгээрээ ажиллаж амьдарч, амжилтанд хүрэх боломжийг хангаж, жинхэнэ оюун санааны эрх чөлөөний хөрс суурийг эргэн засах цаг ирээд байна.
Бид бүрмөсөн оройтоогүй дээрээ, үүнээс илүү алдаагүй байгаа дээрээ алдаагаа засах хэрэгтэй. Монгол хүн бүрт авьяас чадвар, шударга хөдөлмөрөөрөө амьдралаа өөд татаж, амжилтанд хүрэх боломж өгсөн, аюулгүй амьдарч, хөгжин дээшлэх орчин бүрдсэн эрүүл нийгэм байгуулахын төлөөх зорилго дээрээ буцаж очмоор байна. Дарга нар, улс төрчдийн явцуу эрх ашиг биш, хүн бүрийн, хүүхэд бүрийн эрхийг дээдэлсэн бодлого, үзэл баримтлал дээрээ итгэл үнэмшилтэйгээр бат зогсмоор байна. Итгэж үнэмшээд зогсохгүй хийж хэрэгжүүлмээр байна. Ардчилсан намдаа итгэл алдарсан гишүүд дэмжигчид, ардчилал, эрх чөлөөнд эргэлзсэн олон түмний итгэлийг сэргээхийн төлөө зүтгэхээс миний, бидний ажил эхэлнэ.
Миний бие өнгөрсөн дөрвөн жил Боловсрол, шинжлэх ухааны сайдын албыг хашихдаа багшид өөрийнхөөрөө бодож ажиллах, хүүхэд нэг бүрт өөрийнхөөрөө сэтгэн бодож суралцах эрх чөлөө олгосон цогц хөтөлбөрийг багш, эрдэмтэдтэйгээ хамтран боловсруулж цэцэрлэгийн шатнаас нь хэрэгжүүлж багагүй үр дүнд хүрсэн. Байгалийн баялгаас илүү бидэнд байгаа шавхагдашгүй их баялаг бол мэдлэг, оюун ухаан. Дэлхийн шилдэг их сургуулиудад зуу зуун залуусаа тэтгэлгээр сургаж, Япон улсад 1000 инженер бэлтгэх төсөл санаачилж, Шинжлэх ухааны паркуудын үүдийг нээсэн маань мэдлэг, бүтээлээрээ дэлхийд өрсөлддөг бүтээлч ард түмэнтэй Монгол улсын ирээдүйг чиглэсэн үйл хэрэг байсан. Надад Ардчилсан намаа алсын хараатай, үнэт зүйл, үзэл бодолдоо үнэнч, хариуцлагатай, эв нэгдэлтэй, гишүүдээ сонсдог, нээлттэй, бодлогын бас гишүүдийн нам болгох төлөвлөгөө байна. Ирээдүйн Монгол улсаа өв уламжлал, ёс заншлаа мэдэж дээдэлдэг, мэдлэг боловсролтой, эрүүл чийрэг, авьяас чадвартай, өөртөө итгэлтэй, бие даасан, ажилсаг, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадамжтай бүтээлч, эрх чөлөөт иргэдтэй, цэвэр чөлөөт зах зээлийн том эдийн засагтай, мэдлэгийн нийгмийг бүрдүүлсэн, жинхэнэ Ардчилсан орон болгох хүсэл, зорилго, цогц бодлого, эрч хүч, туршлага бас байна. Хувийн эрх ашигт дулдуйдаж, дарга тойрсон фракц, бүлэглэлүүдэд биш нэгэн тугийн дор үзэл бодлоороо нэгдсэн Ардчилсан намын зорилго, алсын хараа бол дөрвөн жилийн дараа зөвхөн сонгуульд ялаад зогсохгүй дөчин жилийн дараах оюун ухаант иргэдийн эрх чөлөөтэй, эрүүл нийгэмтэй,дэлхийд өрсөлдөх Монгол улс байх юм. Тиймээс энэ тэмүүлэл, хүсэл зорилгыг минь харгалзан үзэж Ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөгчөөр бүртгэн авч, сонгох, сонгогдох эрхийг минь баталгаажуулж өгнө үү.

Өргөдөл гаргасан: Лу.Гантөмөр\Ардчилсан намын гишүүн\
2016.12.17

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here