Нүүр хуудас Улс төр Ж.Энхбаяр: Зээлээс бүү ай, би бол хариуцлагатай зээлдэгч

Ж.Энхбаяр: Зээлээс бүү ай, би бол хариуцлагатай зээлдэгч

27
0
Enhbayr
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр

УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын 100 хувь эзэмшдэг “Газар Буудай” ХХК ЖДҮХС -гаас 2018 онд 950 сая төгрөгийн зээл авсан нь баримтаар нотлогдсон билээ. Тэрбээр уг асуудалд өнөөг хүртэл тодорхой байр суурь илэрхийлээгүй ирсэн. Өнөөдөр тэрбээр сэтгүүлчдэд дараах тайлбарыг өглөө.

-Зорилтот иргэдэд очих ёстой ЖДҮХС-гаас таны эзэмшдэг компани зээл авсан асуудалд та албан ёсоор байр сууриа илэрхийлнэ үү?

-Би бол хариуцлагатай зээл авсан. Зээлийг хариуцлагатай төлдөг. Ажлын байр бий болгох гэж, улс орондоо татвар төлөх гэж, баялаг бүтээх гэж зээл авдаг. Энэ бүхэн нь Ж.Энхбаярын төлсөн татвараар илэрнэ. Ж.Энхбаярын Хувь хүний орлогын албан татварын сүүлийн таван жилийн дүнг нь та нар аваад үзээрэй. Ж.Энхбаяр гэдэг хүн жилд 300-400 сая төгрөг Хувь хүний орлогын албан татвар гэж хувиараа улсдаа төлж байгаа. Монгол Улсын хамгийн шилдэг татвар төлөгч иргэн. Ж.Энхбаярын хувьцаат аж ахуйн нэгжүүд сүүлийн 20 жил тасралтгүй тэрбум төгрөгийн татвар төлж ирлээ. Үүнд хугацаа хэтэрсэн зүйл байхгүй. Би олон олон ажлын байр бий болгож, орон нутагт шинэ үйл ажиллагаа нэвтрүүлж байна. Залуучуудаа зээл гэдгээс битгий ай. Зээл зорилготой байх ёстой. Зөв зүйл хийх ёстой, энэ бол муу зүйл биш шүү дээ. Зах зээлд хүн бүхэн зээлээр амьдарч байна. Харин зээл аваад түүгээрээ машин авч унавал буруу. Зээлийг ажлын байр бий болгоход, тоног төхөөрөмж авах, улс орондоо хэрэгтэй зүйл бүтээхэд зориулах ёстой.

-Бас та Мал хамгаалах сангаас зээл авсан байсан. Зээлээ төлж барагдуулсан уу?

-Хөдөө аж ахуйн чиглэлээр манай нэг компани бий. Гэхдээ нарийн ширийн ажиллагаанд нь би оролцоод байдаггүй. Ямар ч байсан холбоотой зээл байхгүй юм билээ. Тухайн үедээ авсан, төлсөн зүйл бий. Мал хамгаалах сангаас зээл авсан эсэх талаар тодруулсан, компаниа өөрөө хөрөнгөө гаргаад, цэвэр цусны малыг өөрсдөө оруулж ирснийг нь Мал хамгаалах сан энэ малыг Монгол Улсад хэрэгтэй тул бид бас авна гээд мөнгө өгсөн юм байна. Энэ саналыг нь манайх авахгүй гээд буцаагаад мөнгийг нь төлсөн ийм л зүйл юм билээ. Эсрэгээр нь ойлгоод байгаа юм л даа, Ж.Энхбаяр зээл авсан юм биш, Ж.Энхбаярын эзэмшдэг компани өөрийнхөө хөрөнгөөр оруулж ирсэн, үүнд улс төрийн мушгиа орж байгааг та нар ойлгоорой. Та нар газар дээр нь очиж хараарай.

-Боловсролын сангаас авсан зээлээ мөн төлөөгүй байгаа гэдэг нь үнэн үү?

-16 жилийн өмнөх үйл явдал. Та нар шиг залуу байсан үе. Энд нэг зүйл Боловсролын зээлийн сан 60 хувьтай ашиглагддаг. Харин үлдсэн 40 хувь ашиглагдахгүй байна. Учир нь Монгол Улсын үе үеийн төр тэр дундаа ХХ зуунд манай улс олон зуун залуучуудаа зээлийн хөрөнгөөр ОХУ болон Зүүн европын улсуудад сургаж байсан. Энэ нь улс орондоо том бүтээн байгуулалт бий болгосон, боловсон хүчнээ бэлтгэсэн бодлого байсан. 1990 оноос хойш тэр бололцоо санхүүгийн хувьд хязгаарлагдсан ч тасралтгүй дээд боловсролыг дэмжих зээлийн санг ажиллуулж байсан. Гадаадын их, дээд сургуульд бакалавр, магистрт суралцах нөхцлийг хангасан залуучуудад санхүүгийн дэмжлэг үзүүлж ирсэн. Гэхдээ үүнийг тодорхой гэрээ, үүргийн дагуу олгодог. Би тэр хөтөлбөрт нь хамрагдаж, мастер цол хамгаалсан. Гэрээнд заасан үүргийн дагуу үүргээ бүрэн биелүүлсэн.

-Танд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол гарсан гэсэн мэдээлэл бий?

-Тийм зүйл байхгүй. Та нар битгий сургаар ярь. Бодитой ханд. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах гээд улс төр болгоод нэлээд шуугилаа. Одоо аяндаа ус, тос нь ялгараг. Цаг хугацаа харуулна. Хуулийн байгууллага ажлаа хийгээд дуусаг. Хуулийн байгууллага надаас тодруулга авсан. Намайг гэрчээр байцаасан. Бүх мэдүүлгийг би үнэнээр нь өгсөн.

-Та өмнө нь сайн дураараа бүрэн эрхээсээ татгалзаж шалгуулахад бэлэн гэдгээ хэлж байсан, одоо ч энэ байр сууриндаа хэвээр биз дээ?

-Ж.Энхбаярыг тусгаарлаж шалгах хэрэгтэй гэвэл бэлэн гэдгээ хэлсэн. Учир нь би итгэлтэй байгаа. Энэ бол салбар яамны салбар төсөл. Манайх ил тод нээлттэй шалгаруулалтад оролцож барьцаа хөрөнгөө тавьж авсан зээл. Ялсан төсөл нь амжилттай хэрэгжсэн. Ийм л зүйл. Энд Ж.Энхбаяр хууль зөрчиж хулгай хийж аргалсан юм байхгүй. Хөдөө аж ахуйн салбарын төслийг дэмжихгүй юм бол Хөдөө аж ахуйн яам өөр ямар төсөл дэмжих юм бэ. Тиймээс би энд итгэлтэй байгаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here