Нүүр хуудас Улс төр Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Улсаар овоглогдох Засгийн газар шүү”

Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Улсаар овоглогдох Засгийн газар шүү”

214
0

Ерөнхийлөгч Х.Баттулга, сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүдийг 10 сарын 17-нд  бүрэн бүрэлдэхүүнээр нь хүлээн авч уулзаж сайд тус бүрт хандан үгээ хэлэв.

Ерөнхийлөгч Х.Баттулга: “Түрүүчийн Засгийн газар нэг жил 3 сар орчим ажилласан. “60 тэрбум”-ын гэх Монгол Улсын төрийн ажлыг зарж үрсэн асуудал энэ үеэр гарч байсан. Шинэ Засгийн газар энэ сэдвийг битгий мартаарай. Ийм бодол санаатай байна.                                                                                                                            Хууль зүйн сайдад Ц.Нямдорж гишүүн нэр дэвшиж байна. Ц.Нямдорж  гуай 7 дахь удаагаа УИХ-д сонгогдсон. Хамгийн олон сонгогдсон гишүүн. Шударга ёсыг та их ярьдаг. Өнөөдөр нийгэмд шударга ёс хамгийн их үгүйлэгдэж байгаа. Хатуу чиг бодлоготой байгаарай. Өчигдөр болж байгаа асуудлуудыг хар. 13 настай хүүхдийн амийг зочид буудалд хөнөөсөн. Хоёр сар өнгөрөөд байна. Тэр хүн өөрөө наранд явж байна гэж байна. Яагаад түүнийг барьж хорьдоггүй юм. Тэр таван настай хүүхдийн асуудал байна. Статистик тоогоор жилд 200 орчим насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлэлд өртсөн байна. Энэ бол зөвхөн илэрсэн тоо. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч 10 мянган төгрөг байхгүй учраас таван настай хүүхдэд үзлэг хийхэд асуудалтай байна гэсэн байна. Ийм сэтгэлгүй хүнийг шууд ажлаас нь халах хэрэгтэй” гэлээ.                                                                                                                                                                                                          БСШУС-ын сайдад УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа нэр дэвшиж байгаа. Түүнд хандан “БСШУСЯ нэг жил гурван сарын хугацаанд гурван удаа сайдаа сольсон. Боловсрол бол асар их асуудалтай байгаа салбар. Дэд сайд нь элчингээр томилогдсон. Төрийн нарийн бичгийн даргыг хольж сольсон байна. Би У.Хүрэлсүхтэй олон удаа санал солилцсон. Өнөөдөр У.Хүрэлсүх гэдэг хүн байхгүй шүү. Х.Баттулга гэдэг хүн байхгүй шүү. Монгол Улс бидний дээр байгаа шүү. Хамтарч ажиллана. Ингэхийн тулд илэн далангүй ярилцана. Өнөөдөр бид Монгол Улсаар овоглогдохгүй юм бол нам гэдэг зүйлийг түрүүлж тавиад байна” гэлээ.

Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшиж буй Х.Баделханд “Моргейжийн 8 %-ийг зогсоосон. Ажлын байрууд байхгүй. Зарагдаагүй 80 мянга орчим орон сууц байна. Багш, эмч нарыг орон сууцжуулахад үүний нэг хэсгийг гаргаж болно. Цалин нэмж чаддагүй юм бол эмч, багш нарыг орон сууцанд оруулъя гэж У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болсных нь дараа хэлж байсан” гэлээ.

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт “Уул уурхайг өнөөдөр үнэхээр өөрчлөхгүй бол болохоо байсан. Энэ салбартай орооцолдсон хүмүүсийг Засгийн газарт оруулж ажиллуулмааргүй байгаа юм. Тэд орж ирээд нийгмийг авлигатай болгодог. Асуудалтай болгодог” гэсэн юм.

 “Д.Цогтбаатар гишүүн Гадаад яаманд яригдаж байгаа. Сая Ц.Мөнх-Оргил Гадаад харилцааны яаманд очоод Ц.Мөнх-Оргилын гадаад бодлого явсан шүү. Гадаад яамны бодлого гэж байх ёсгүй. Монгол Улсын гадаад бодлого гэж байх ёстой. Тэр тусмаа сайдын гадаад бодлого гэж байх ёсгүй. Үүн дээр анхаарч ажиллаарай. Панамын асуудал өөр дээр чинь гардаг. Үүнийхээ үнэн худлыг дараа нь тайлбарлах хэрэгтэй шүү” гэлээ.

Сангийн сайдад нэр дэвшиж байгаа Ч.Хүрэлбаатарт “Өөрийн тань хувьд асуудал их байгаа. Уул уурхайтай холбогдсон энэ сайдыг би зөвшилцмөөргүй байна. Бусдыг нь УИХ-аар оруулах байх.” гэв.                    Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад нэр дэвшиж буй Г.Занданшатарыг  туршлагатай улстөрч хэмээн онцоллоо.  Мөн тэрээр “Та бүхэнд дахиад хэлье. Монгол Улсаар овоглогдох Засгийн газар шүү. Монгол Улсаар овоглогдож байгаа Ерөнхийлөгч байна. Монгол Улсаар овоглогдож байгаа Ерөнхий сайд байна. Монгол Улсаар овоглогдож байгаа Засгийн газар байна шүү. Үүнийг дахин дахин хэлье. Баярлалаа” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here