Нүүр хуудас Улс төр Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг...

Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

0

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2017.01.18/ хуралдаан 14 цаг 20 минутаас 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы энэ сарын 06-ны өдрийн хуралдаанаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн юм.

Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, А.Ундраа, Б.Энх-Амгалан, Н.Энхболд нар ажиллажээ. Ажлын хэсэг энэ хугацаанд нэг удаа, ажлын дэд хэсэг хоёр удаа хуралдаж хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад зарчмын зөрүүтэй 5 саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэн Байнгын хорооны хуралдаанд оруулж байгааг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Б.Энх-Амгалан танилцуулсан юм.

Ингээд ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжив. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 23зүйлийн 232 дахь хэсгийн “урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах” гэснийг “ажлын байраар хангах” гэж, мөн зүйлийн 233 дахь хэсгийн “холбогдох хууль тогтоомжид” гэснийг “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д” гэж тус тус өөрчлөн найруулахаар болов.

Мөн төслийн 3 дугаар 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг “Монгол Улсаас гадаад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчийг болон олон улсын бусад байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгч нь гадаад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын үүргийг хавсран гүйцэтгэх тохиолдолд түүнийг Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасны дагуу томилж, эгүүлэн татна” гэж өөрчлөн найруулахаар тогтов. Түүнчлэн төслийн 4 дүгээр зүйлийн “3 жил” гэснийг “4 жил гэж, “”3 жил байна” гэснийг “4 жил байна. Тайлбар: Энэ хэсэгт оруулсан өөрчлөлт нь 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө Дипломат төлөөлөгчийн газарт томилогдон ажиллаж байгаа дипломат ажилтанд хамаарахгүй” гэж өөрчлөхөөр боллоо. Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаархи Байнгын хорооны санал, дүгнэлт, ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр тогтов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here