Нүүр хуудас Улс төр Гамшигаас хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцлээ

Гамшигаас хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцлээ

225
0

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы энэ сарын 06-ны өдрийн хуралдаанаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн. Харин чуулганы энэ сарын 19-ний нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж дэмжин төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс асуулт, санал болон зарчмын зөрүүтэй саналын томьёолол гарсангүй. Тиймээс хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаархи Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хуулийн төслийг батлуулах нь зүйтэй гэж үзлээ.

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдаж өргөн баригдсан хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи танилцуулгыг Байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр хийлээ.

Байнгын хорооны ажлын хэсэг энэ хугацанд дөрвөн удаа хуралдан хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад хуулийн төслийн нэр томьёог олон улсын жишигт нийцүүлэн ойлгомжтой болгох, гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах, хор уршгийг арилгахад чиглэсэн төр, захиргаа, нутгийн удирдлагын болон төрийн бус байгууллагууд, хуулийн этгээд, иргэдийн оролцоог илүү тодорхой болгох, олон улсын хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалтыг нарийвчлан тусгах, онцгой байдлын байгууллага, түүний тогтолцоог нарийвчлан томьёолж зохицуулах, онцгой байдлын байгууллагын алба хаагчдын үүргээ хэрэгжүүлэх эрх зүйн баталгааг сайжруулах, хууль хоорондын уялдаа холбоог хангах чиглэлд анхаарч зарчмын зөрүүтэй болон нэр томьёо, найруулгыг цэгцлэх чиглэлээр тодорхой саналууд бэлтгэн Байнгын хорооны хуралдаанд оруулж байгааг ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа дурдав.

Ажлын хэсгийн ахлагчийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ц.Цогзолмаа нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан юм.

Байнгын хорооны ажлын хэсгээс хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан 124, дагалдаж өргөн баригдсан хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах холбогдох бусад хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 14 саналын томьёолол бэлтгэжээ.

Ингээд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй нийт 138 саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжсэн юм. Тухайлбал, төслийн 4 дүгээр зүйлийн 4.1.8 дахь заалтыг “Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа” гэж гамшгийн эрсдэлийг үнэлэх, болзошгүй хохирлын хэмжээг багасгах, гамшгийг хохирол багатай даван туулах чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ” хэмээн томьёолж өөрчлөн найруулахаар болов. Мөн төслийн 4 дүгээр зүйлд “Мэргэжлийн анги гэж” сум, дүүрэг, хуулийн этгээдийн дэргэд байгуулагдсан, аврах ажлын техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангагдсан, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг гүйцэтгэхэд сургаж бэлтгэгдсэн орон тооны бус томилгоот нэгжийг”, харин “Сайн дурын хэсэг” гэж сайн дурын үндсэн дээр гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцохоор зохих сургалтад хамрагдсан иргэдийг” гэсэн агуулгатай 4.1.19, 4.1.20 дахь заалтыг нэмэхээр тогтлоо. Ажлын хэсгээс гаргасан саналаар “Төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд нь гамшгаас хамгаалах төлөвлөөтэй байна”, “Аймаг, нийслэл, сум, дүүрэг, хуулийн этгээд гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн ангитай байна”, түүнчлэн “Төрийн болон нутгийн захиргааны байгууллага тухайн жил батлагдсан төсвийн 1 хувийг, хуулийн этгээд тухайн жилийн үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээнд төлөвлөж зарцуулна” гэж төслийн холбогдох заалтыг өөрчлөн найрууллаа.

Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогын үндсийг Улсын Их Хурал тогтоох, Улсын хэмжээнд Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл, аймаг, нийслэл, дүүргийн хэмжээнд орон нутгийн зөвлөлийг байгуулах, Гамшгаас хамгаалах сургалт нь удирдах албан тушаалтны, онцгой байдлын байгууллагын, оюутан, сурагч, сургуульд элсэхийн өмнөх насны хүүхдийн, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд, тэдгээрийн албан тушаалтан, ажилтны, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн, иргэний гэсэн ангилалтай байхаар зохицуулахаар болов. Түүнчлэн Гамшгаас хамгаалах хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, гамшгийн эрсдэлийн үнэлгээ, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилтэд гамшгаас хамгаалах улсын байцаагч хяналт тавих, Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуульд заасан захиргааны хариуцлага ногдуулахаар зохицуулахыг дэмжлээ.

Ажлын хэсэг төслийн 6 дугаар бүлгийн гарчгийг “Гамшгаас хамгаалах удирдлагын бүрэн эрх” гэж, төслийн 9 дүгээр бүлгийн гарчгийг “Онцгой байдлын байгууллага, түүний алба хаагчийн эрх зүйн байдал” гэж тус тус өөрчлөн найруулах санал гаргасныг дэмжив. Мөн ажлын хэсгийн саналаар төслийн 43 дугаар зүйлийг “Онцгой байдлын байгууллага нь гамшгаас хамгаалах хууль тогтоомж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг улсын болон орон нутгийн хэмжээнд зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн цэргийн байгууллага мөн” гэж, төслийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг “Онцгой байдлын байгууллагын алба хаагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан дүрэмт хувцас, цэргийн бол хэрэглэнэ” гэж тус тус өөрчлөн найруулахаар тогтов. Түүнчлэн онцгой байдлын байгууллагын алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан тохиолдолд 10 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тухайн алба хаагчийн сарын үндсэн цалингийн дунджаар тооцож түүний гэр бүлд нэг удаа олгох, мөн алба хаагч нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоолгох, тэтгэмж авах зохицуулалтыг Байнгын хорооны гишүүд дэмжлээ.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа, Г.Тэмүүлэн, Н.Оюундарь нар зарчмын зөрүүтэй хоёр, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Н.Энхболд нар зарчмын зөрүүтэй гурван саналын томьёолол гаргаж санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн юм.

Эцэст нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг төслийг дагалдаж өргөн баригдсан хуулийн төслүүдийн талаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэлээ. Ажлын хэсэг уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэж үзсэнийг хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ.

Үүгээр Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дуусгаж, энэ тухай Байнгын хорооны санал, дүгнэлтийг хуулийн төслүүдийн талаархи зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудын хамтаар чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here