Нүүр хуудас Улс төр АНУ, Япон, Канад, Швейцарь, Францад Монгол Улсыг төлөөлөх хүнгүй

АНУ, Япон, Канад, Швейцарь, Францад Монгол Улсыг төлөөлөх хүнгүй

174
0

Өнгөрсөн хаврын чуулганаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ, Япон, Канад, Швейцарь, Франц, ХБНГУ-д суух Элчин сайд нарыг эгүүлэн татаж, оронд нь АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ё.Отгонбаяр, Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Л.Пүрэвсүрэн, ХБНГУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Ганбат, Франц улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар А.Баттөр, Канад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Чимгүүндарь, Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Тэнгэрийг томилуулсан.

Гэтэл эдгээрээс  ХБНГУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганбат л томилогдсон орондоо итгэмжлэх жуух бичгээ барьж, ажилдаа орсон бөгөөд бусад нь хэзээ явахаа ч мэдэхгүй хүлээж суугаа, дэлхийн эдийн засагт голлох байр суурь эзэлдэг, манай улс гадаад бодлогодоо гуравдагч хөрш хэмээн тодорхойлдог АНУ болон Япон, Канад, Швейцарь, Франц зэрэг оронд Монгол Улсыг төлөөлөх, тэнд ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн эрх, улсын эрх ашгийг хамгаалах, улс хоорондын өдөр тутмын ажил үүргийг эрхлэн удирдах хүнгүй зун, намрыг үдээд, өвөлтэй золгож байна.

“Эх орондоо “саатуулагдсан” Элчин сайд нар” гарчигтай уг нийтлэлд АНУ, Япон, ХБНГУ, Канад, Швейцарь, Франц улс манайхаас томилсон Элчин сайдыг хүлээж авахад бэлэн гэдгээ мэдэгдэж, зөвшөөрсөн агреман ирүүлсэн ч Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, итгэмжлэх жуух бичгийг нь өгөхгүй байгаа бөгөөд энэ нь зарим Элчин сайдыг өөрчлөх саналтай нь холбоотой байж магадгүйг онцолсон юм. Тэгвэл УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж  Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр энэ асуудлаар байр сууриа илэрхийлэв. “Шинэ Ерөнхийлөгч үлдсэн бүрэн эрхийн хугацаанд УИХ-тай хэрхэн харилцаж, ажил төрлөө яаж зохицуулахаа одооноос тогтож авахгүй бол энэ байдлаар цааш явахгүй шүү. Ерөнхийлөгчийн институц УИХ-ын бүрэн эрх, УИХ-д МАН 65 суудалтайг харгалзаж ажиллахгүй бол ерөөсөө болохгүй. Түрүүчийн Ерөнхийлөгчийн үед томилсон таван Элчин сайдын агреман ирчихсэн байхад тэднийг явуулаагүй байна. Тэр таван Элчин сайдыг яагаад томилохгүй, зарлигийг нь гаргаж өгөхгүй байгаа юм бэ. Би С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат дарга нарт “Ерөнхийлөгчтэй ярьж, томилогдсон хүмүүсийг нь явуулахгүй бол ажил хохирч байна. Хүн солино гэж бодож байгаа бол тэр чинь бүтэхгүй. Яагаад гэвэл өмнөх Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Элчин сайд нарыг томилуулах санал оруулж ирсэн. Тэдний агреман ирчихсэн. Дараачийн хүнийг оруулж ирлээ гэхэд УИХ-аас дэмжлэг авахгүй” гэж хэлсэн.

Санал болгосон хүмүүсийг нь хүлээн авна гэж цаад улсууд нь зөвшөөрлөө өгчихөөд байхад одоо хүнээ солино гэдэг байж болохгүй асуудал. Ингэвэл Монгол Улс өөрөө шившиг болдог юм байгаа биз дээ. Улс төрийн намуудын суудлын тоо ойролцоо бүрэлдэхүүнтэй парламент биш учраас Ерөнхийлөгчийн институц ажлаа зөв төлөвлөж хийхгүй бол хэцүү шүү. Төрийг ямар ч байдалд оруулж болно. Ер нь цаашид Ерөнхийлөгчийн Тамгын газрын нөхөд УИХ-тай эвээ олж ажиллах талаар онцгой анхаарахгүй бол хэцүү дээ” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here