Нүүр хуудас Танд тустай Шинэ ургацын ногоог хэрхэн зөв хөлдөөж, хадгалах вэ?

Шинэ ургацын ногоог хэрхэн зөв хөлдөөж, хадгалах вэ?

84653
1
rsz_hunsnii-nogoog_hadgalah_arga
Шинэ ургацын ногоог хөлдөөж, хадгалах зөвлөмж
~Шинэ ургацын ногоо хэрхэн зөв хөлдөөж, хадгалах вэ?~

Намрын сайхан шинэ ургацын ногоо гараад айл бүр өвлийн бэлтгэлээ базааж байгаа даа.

Ингээд та бүхэндээ хэрэг болох байх гэсэн үүднээс шинэ ургацын намрын ногоогоо хэрхэн өвлийн турш шинээр нь хадгалах аргаас хуваалцаж байна.

1. Төмс 🥔🥔🥔
Монгол төмс шороо ихтэй байдаг бөгөөд авсан даруйдаа харанхуй сэрүүн газар сонин дэлгээд төмсөө шороотой чигт нь дэлгэж сэврээж хатаана, үүнийгээ олон хэсэг болгон бага багаар хайрцаглаад тавина. Шороотойгоо байх тусмаа сайн. Чийггүй байх хэрэгтэй. Ингээд үе үе шалгаж эвгүй харагдсан төмснүүдээ авч тусгаарлаж байх хэрэгтэй,

Мөн төмснүүдээ дээр доор нь гаргаж байрлалыг нь сэлгэж өгч байх нь чухал. Температур нь тогтмол байж чадах өрөөнд хадгалбал зүгээр. Гаднынхан ихэвчлэн цаасны хог буюу нарийхан хайчилчихсан цаасан дунд төмснүүдээ хийчихдэг. Энэ нь мөн л чийгээс хамгаалж буй хэрэг.

Мөн дотор нь хэдэн ширхэг алим хийж болно. Гэхдээ алимаа мартаад ялзруулахаас болгоомжлоорой. Төмсийг хөргөгчид хадгалахгүй.

2. Лууван 🥕🥕🥕
Лууванг бол маш олон аргаар хадгалж болно. Мөн л хайрцагт хадгалахаар бол элсэн дотор үелж хийж өгч болно. Лууван хэт чийгээ алдаж хатахаараа амархан мууддаг.

Элс нь чийгийг нь удаан хадгалж өгч байгаа гэж ойлгож болно. Угаагаад хатаагаад бага багаар нь хүнсний хөлдөөх зориулалттай уутанд савлаад хийг нь гаргаад хөлдөөж болно. Хальслаад хөлдөөчихвөл илүү амар байдаг. Хүссэн хэмжээгээрээ хэрчээд, зороод хөлдөөж болно.

luuwan-hadgalah
Шинэ ургацын ногоог хэрхэн зөв хөлдөөж, хадгалах вэ?

Хөргөгч доторх луувангаа би ихэвчлэн угаагаад, хатаагаад задгай хийдэг (бага хэмжээтэй авдаг тул хурдан хэрэглээд дуусдаг болохоор ингэж хадгалахад асуудал үүсэхгүй). Жоохон зөөлрөх аястай лууванг устай саванд хийгээд хөргөгчдөө хонуулчихдаг.

Ингэхээр буцаад шинэ мэт хатуу болчихно энэ үед нь бушуухан хэрэглэнэ гэсэн үг. Миний бас нэг хэрэгжүүлж байсан залхуу арга гэвэл луувангаа үрээд хүнсний цаасан дээр дэлгэж хөлдөөгөөд дараа нь том амсартай савруу юүлж хөлдөөж байсан. Ингэсэн тохиолдолд хоолонд хэрэглэх хэмжээгээрээ атгаад таслаад авчихна.

Шууд буцалж буй хоол уруу хийчхээр их амар байдаг байсан. 12 сар хүртэл хөл дүүгээр нь хадгалж болно.

3. Байцаа 🥙
Байцааг нөгөө өвөө эмээ зоориндоо ишнээс нь уяагаар уяад доош нь харуулаад унжуулчихдаг байсныг санаж байна.

Хөлдөөхөөр бол байцаагаа ишийг нь тайрч аваад босоо чиглэлд 4 хуваагаад хүйтэн усаар угааж ногоо сэгсрэгчээр сэгсэрч хатаагаад уутлаад хийг нь сайн гаргаад вакуумжуулаад хөлдөөнө. Ингэж хөлдөөсөн байцааг өвлийн турш хадгалж болно.

Гэсэх үедээ бага зэрэг шалчийна гэдгийг анхаараарай.

4. Хүрэн манжин
Хүрэн манжинг мөн шорооноос нь салгаж цэвэрлээд, навч иш хэсгийг нь болгоомжтой тайрч авна.

Манжинруугаа хэт лав тайрч болохгүй тэгвэл амархан муудна. Мөн чийгийг нь хадгалж өгөх хэрэгтэй байдаг тул элсэнд үелж хийх нь хадгалалтыг удаашруулж өгнө.

huren_manjin
luuwan-hadgalah

Хэт чийгтэй байвал ялгарч муудна. Лууван яг адилхан тийм болохоор чийгийн тэнцвэрийг нь л сайн хадгалаад байвал асуудалгүй.

5. Брокколи буюу цэцэгт байцаа 🥦🥦🥦
Брокколиг би хүүхдийн хоолонд хийх зорилгоор хөлдөөж их хэрэглэж байсан. Ингэхдээ угаагаад салгаад 2-3 минут жигнээд хөлдөөдөг байсан.

Их хэмжээгээр хөлдөөхөөр бол эхлээд ишнээс нь салгаад үе үеэр нь гараараа салгана. Тэдгээрийгээ савтай маш хүйтэн усанд сайтар угааж амьтан шавьжаас нь салгана. Содтой усандаа ч угааж болно. Ингэж цэвэрлэсэн брокколигоо маш сайн усыг нь хатаах хэрэгтэй ингээд болж өгвөл эхлээд дэлгэж хооронд нь наалдуулалгүй хөлдөөгөөд дараа нь саванд хийж тавьтал бага багаар тасалж авахад маш амар болно.

Эсвэл мөн л хүнсний хөлдөөх зориулалттай уутанд хийгээд хийгүй болгоод вакуумжуулаад хөлдөөгөөрэй.

6. Амтат чинжүү 🌶
Амтат чинжүүг багаар хүнсэндээ хэрэглэхдээ хөргөгчиндөө нэг нэгээр нь цаасанд эсвэл даавуун уутанд хийгээд хадгалдаг. Ингэхээр зөөлрөх нь бага байдаг.

Харин ихээр хөлдөөж хадгалах шаардлагатай бол цэвэрлээд үрнээс нь салгаж угаагаад нарийхан хэрчээд дэлгэж хөлдөөвөл зүгээр байдаг. Гэсгээхгүй шууд хэрэглэнэ.

7. Өргөст хэмх 🥒🥒🥒
Үнэндээ манайх огт ногоо дардаггүй. Иддэг хүн байдаггүй. Хааяа нэгхэн дунайский салат хийж идвэл иднэ. Ээж минь уг нь ногоо их дардаг сайхан ч дардаг байсан. Сурсан хирнээ идэх хүн байдаггүй бүгд даршилсан зүйлд дургүй болохоор огт хийдэггүй. Уг нь өргөст хэмхийг дараад хадгалбал илүү удах байх.

Миний мэдэх ганц арга 5-6 ширхэг олноор нь авсан үедээ нэг нэгээр нь цаасан сальфетканд боогоод хөргөгчдөө хийдэг байсан. Энд ихэвчлэн гадуур нь уутаар вакуумдаад өргөст хэмх зардаг юм. Шинээр нь удаах гэж л тэгдэг байх.

8. Улаан лооль 🍅🍅🍅
Мөн адилхан хөлдөөж хадгалж үзээгүй. Харин хөргөгчдөө хадгалахдаа хэрэв мөчиртэйгөө хамт байвал бүх лоолио мөчрөөс нь салгаад бие биед хүргэлгүй хооронд нь жоохон зайтай орой хэсгийг нь доош нь харуулаад тавганд хийгээд тавьдаг. Нэлээн удаан шинээрээ зөөлрөхгүй байчихдаг.

Мөн нөөшилж болно. Угааж цэвэрлээд орой хэсгийг нь х болгож хөнгөн зүсээд буцалж буй усанд хэдхэн минут хийгээд гаргад мөстэй усанд хийгээд хальсыг нь хуулаад нухашлаад ариутгасан шилэнд хийж хийгүй таглана. Өөрсдийн хүслээрээ амталж болно. Энэ аргыг өмнө нь оруулж байсан болохоор товчхон биччихлээ.

9. Ногоон хулуу
Ногоон хулууг би жигнээд хэрчээд эсвэл нухашлаад хөлдөөдөг. Амархан зөөлөрчихдөг болохоор цэвэрлээд хоолонд хэрэглэх хэмжээгээрээ хөлдөөгөөд савласан нь дээр юм билээ.

nogoo_hadgalah
Шинэ ургацын ногоог хэрхэн зөв хөлдөөж, хадгалах вэ?

10. Бууцай 🍃🍃🍃
Бууцайгаа маш сайн угааж муудсан навч байгаа эсэхийг нэг бүрчлэн шалгаж цэвэрлэнэ. Үүний дараа буцалж буй усанд хийж 2 орчим минут байлгана. Үүний дараа бууцайгаа шүүж аваад мөстэй хүйтэн усанд хийж дахин 2 минут байлгана.

Ингээд бууцайгаа дэлгэж тавиад усыг нь бага зэрэг сэврээнэ. Ногооны ус шавхдаг сэгсэрдэг саванд сэгсэрсэн ч болно. Үүнийгээ мөс хөлдөөгчид хийгээд хөлдөхөөр нь савлачихвал дараа хоолондоо шууд хэдэн бондгороор нь гаргаж аваад хийхэд маш амар болно. Бохир навч хамт орвол амархан муутгаж гашуудуулдаг шүү.

Харин бага хэмжээгээр хөргөгчдөө хадгалахаар бол хүнсний цаасан сальфетванд ороогоод шилэнд хийчихдэг би. Ингэхээр чийгтэж нялцайж шалчийхгүй сайхан шинээрээ байдаг.

11. Сонгино сармис
Сонгоно сармисыг амьсгалуулж хадгалах хэрэгтэй байдаг. Цаасан уутанд нүх гаргаад хийж болно. Нэг нэгээр нь торон уутанд хийгээд дүүжилж хадгалж болно. Ялангуяа сармисыг.

Сонгиныг ихэнх айл төмстэй гээ хамт хийсэн байдаг ингэж хадгалж болохгүй. Харин ногоон сонгиныг хэрчээд шууд хөлдөөж болно.

Хөргөгчид хийж байгаа тохиолдолд урд талын үндэстэй хэсгийг нь цаасан сальфеткаар ороож өгвөл зүгээр байдаг.

12. Аньс, нэрс, чацаргана
Миний хувьд хамгийн шалгарсан арга бол бага багаар нь сайн дэлгэж аль болох хооронд нь бага наалдуулж хөлдөөгөөд хөлдсөн хойно нь шилэнд эсвэл хөлдөөх савандаа хийж хадгалах нь хамаагүй амар байдаг.

Яг хэрэглэх үедээ аваад шилээ тонгойлгоход под под гээд хурдан унаад ирдэг маш амар. Харин нийтэд нь уутанд хийгээд хөлдөөчхөөр авах гэж бөөн юм болдог төвөгтэй. Өөр нэг арга гэвэл чанаад шилэнд вакуумжуулаад авдаг. Энэ аргаараа тогтмол аньсаа бэлтгэж авдаг.

Хөлдөөгч маань зай багатай тул олон зүйл хөлдөөж чаддаггүй. Харин ингэж чанаж бэлтгэсэн аньсаа жилийн аль ч улиралд шууд халуун усандаа найруулаад уучихдаг маш амар байдаг. Удаан ч хадгалагддаг.

1 сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here