Нүүр хуудас Танд тустай Дутах орчлон…

Дутах орчлон…

22
0
aawiin-hair
Дутах орчлон...

Хоорондоо ойлголцоход, өөрийгөө илэрхийлэхэд, сэтгэл доторхоо уудлахад зориулж арвин баялаг үгсийн санг бурхан бидэнд харамгүй бэлэглэжээ.

Яриад яриад үл дуусам, илэрхийлээд үг үл багадам энэ л олон үгс дунд нэг л үгээр өөрийн эрхгүй дутнам. Дуртай цагтаа, юунд ч үл захирагдан “ААВ” хэмээх гуравхан үсэгтэй энэ л үгийг насан туршдаа хэлэхсэн.

Дөнгөж төрсөн нялх охиноо харах гэж өглөөг хүлээхдээ өөр хүний хүүхэдтэй солигдчих вий хэмээн шөнөжин түгшиж цурамхийлгүй хоносноо инээд болгон ярьдгийг тань ахиад сонсохсон.

“Айлын том хүүхэд охин байх сайхан. Зулай зулайгаа гишгэн төрөх дүү нартаа түшигтэй байдаг юм” хэмээн ууган үр нь хүү заяагаагүйд голдог увайгүй зантангуудыг та минь хүлээн зөвшөөрөөгүй. Хүүгийн дайд охиноо энхрийлж, зөвхөн хөвгүүдэд л хамаатай хэмээн хэн хэзээ гаргасан нь үл мэдэгдэх муйхар хязгаарыг үл тоон аав минь л намайгаа бүх зүйлд зоригжуулан, итгэлийн ирийг хурцалдаг байсан.

Ээжийн эзгүйд бидэнтэйгээ өнжихдөө өнгөрсөн хийгээд ирээдүй, зөв болоод буруугийн хязгаарыг бодолд өнжтөл зааж сургана. Амьдралд угтан тосох сайн саар бүхнийг урьтаад аав минь бидэнд сургачихсан болохоор сайн сайханд нь ташуурч сагасангүй, саар мууд бүдэрчихэлгүй л явна.

Аяга дүүрэн амттай хоолны аль сайхан дээжийг дэрсхэн гурван хүүдээ биш айлын “том” сэтэрт охиндоо өгнө. Эрийг хүндлэх эмийн ялгаа энд томоор хэлэгдэх ч эцэстээ нэгнээ түших энэ хорвоод эгч ахаа хүндлэх эвийн сургамжийг аав минь ингэж төлөөлүүлнэ. Эргэх энэ орчлонд эвий ганц охин нь өөртөө итгэх итгэлээ нэмж бусдын хойно үлдэх ёсгүйг энэ л энгийн үйлдлүүдээс тань эргэн санаж сэрж явна.

Эрээн амьдралын элдэв асуудал хэмээх гашуун сонгинын шүүсийг нүд рүүгээ үсэргэчихээд уйлан хайлан ижий аавдаа гүйгээд очиход эвийлж хөөрхийлөхөөсөө илүүтэй “зөв өссөн охин минь буруу үйл хийхгүй дээ” хэмээн бодлогоширдогсон. Арав ч хүрээгүй жаахан байхдаа айлын сахилгагүй хүүд эгмээ хөх эрээн болж хавдтал чулуугаар чавхдуулчихаад хөмхий зуун, дусал нулимсгүй зогсож байсныг минь хэзээ хойно ч бахдан ярих.

Дутах орчлон…

Тэрүүхэндээ тэвчээр заан уйлаагүй жаахан охиноо өхөөрдөн хөөргөж байгаа гэвч хожим хойно хатуу хэцүү бүхэнд тэвчээр хаттай амьдрах их ухааныг бяцхан сэтгэлд минь бага багаар суулгаж байсан нь энэ байж.

Аав минь дөрвөн жаахан үрээ дагуулан дэлгүүр явах дуртайсан. Тоглоом амттанд халаасан дахь мөнгөө шавхаж ээжид зэмлүүлэх ч аав минь дуртай энэ үйлдлээ болино гэж үгүй. Аль бага насандаа хүссэнээ авч, хүссэнээрээ тоглож өссөн бидний сэтгэлийн хүсэл хэдийнэ цадаж, өсөж томорсон хойноо элдэвт нүд унагах нь үгүй болж.

Дэрсхэн дөрвөн хүүхдийн дэггүйтэл даанч бэрх. Гэлээ гээд өсөж өндийтлөө танаасаа ширүүн үг ч дуулж үзсэнгүй. “Хүйтэн сэтгэлээр занчуулж өссөн хүүхэд хүн хайрлахгүй сэтгэлгүй хүн болдог юм” хэмээх таны минь баримталдаг зарчим үр хүүхэд бидэнд нь уламжлагдсан.

Атга будаа, ширхэг талх ч аав минь охиноороо бариулна гэж үгүй. Амьдралын ачааг тэнцүүлэн зохицуулж, болохгүй бол өөрөө үүрч дүүрэн туулах бүсгүй заяаны үйлийг урьтаад амсуулахгүй гэсэндээ охиноо гар хөнгөн өсгөжээ. Сөөсгөрхөн охин байхаасаа л хайр бүхнийг амсаж, хүндлэл бүхнийг хүртэж өссөн жаргал бүхний учгийг амьдралынхаа урт замд охин нь тайлсаар л явна.

Сайн саар бүхэн сүлэлддэг хорвоогийн замд учрах зарим саарал бартааг үрс нь хөнгөхөн туулах хаттай болжээ.
Хүнийг хайрлаж чадвал эргээд өөрөө хайр амсдгийг, хүнд итгэл хүлээлгэвэл буцаад хүндлэл хүртдэгийн жишээ аав минь та өөрөө байсан болохоор таны үргэлжлэл хүүхдүүд тань энэ жишгээр амьдарч явна.

Сайхан бүхний үргэлжлэл сүүн зам татуулан үргэлжилдэг болохоор таны минь сургамж сургаал үр хүүхэд биднийх нь сэтгэлээр хадгалагдан ач зээ нарт тань уламжлагдан үлдэх биз ээ. ААВ хэмээх гуравхан үсгээр дэндүү их дутнам. Энэ л дутуу дундуурыг хэзээд амсдаг хүний орчлон юм хойно байгаа дээр нь ханатлаа хэлж байгаарай.

У.Дашбат

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here