Нүүр хуудас Спорт Мэдэгдэл 29.09.2018 – Монголын үндэсний бөхийн холбоо

Мэдэгдэл 29.09.2018 – Монголын үндэсний бөхийн холбоо

1528
0

“Гацуурт” ХХК-ны захирал Л.Чинбатын төлөөлөл хэсэг бүлэг хүмүүс 2018 оны 9-р сарын 28-ны өдөр Бөхийн өргөө рүү дахин дайраад зогсохгүй олон нийтэд илтэд худлаа мэдээллүүдийг зориудаар цацаж, ард иргэд, бөх сонирхогчдыг үл хүндэтгэж байгаатай холбогдуулан дараах мэдэгдэл, залруулгыг гаргаж байгааг хүлээн авна уу.

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос 2018 оны намрын улирлын нээлтийн барилдааныг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулахаар ажиллаж, бэлтгэл ажил бүрэн хангагдаад байсан боловч тодорхой нөхцөл байдлын улмаас цагдаагийн байгууллагаас Бөхийн өргөөний үйл ажиллагааг зогсоож, үүнтэй холбоотойгоор намрын нээлтийн барилдаанууд цуцлагдаад байгаа билээ.

Монголын Үндэсний Бөхийн холбоо (МҮБХ) нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Ж.Оюумаагийн 2018 оны 4 сарын 3-ны өдрийн “Лхагва овогтой Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр томилсныг бүртгэсэн” бүртгэл, түүнд шинээр гэрчилгээ олгосон үйлдэл, уг гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр 2018 оны 7-р сарын 24-ны өдөр гарсан болно.

Уг шийдвэрт иргэн Л.Чинбат нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар давж заалдсан ба давж заалдах шатны шүүхээс иргэн Л.Чинбатын гомдлыг хангалгүй орхиж, харин тодорхой нотлох баримтууд нэмж цуглуулах, тодорхой асуудлуудад эрх зүйн дүгнэлт өгөх зэрэг эрх үүрэг хуульд зааснаар анхан шатны шүүхэд байгаа тул анхан шатны шүүх тэрхүү үүргээ бүрэн хэрэгжүүлсний дараа давж заалдах шатны шүүх хэргийг хянана гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан магадлалыг 2018 оны 9 сарын 26- ны өдөр гаргасан.

Энэхүү магадлалыг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч болох Монголын Үндэсний Бөхийн Холбоо, гуравдагч этгээд болох иргэн Л.Чинбат ч тэр хэн хэн нь гомдол гаргаж, дээд шүүхээр хянуулах боломжтой, хэрэв дээд шүүхэд гомдол гаргахгүй бол хэрэг анхан шатны шүүхээр хэлэлцэгдэх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй, хуульд заасны дагуу үргэлжлэн явагдаж байгаа юм.

Гэвч иргэн Л.Чинбатыг төлөөлөн шүүх хуралдаанд оролцсон Дархан аварга Х.Баянмөнх, яруу найрагч Ү.Хүрэлбаатар болон тэдний өмгөөлөгч нар нь захиргааны хэргийн шүүхээр маргаан эцэслэн шийдэгдсэн, Л.Чинбат ялалт байгуулсан, Б.Бат-Эрдэнийг МҮБХ-ны тэргүүн биш, төлөөлөх эрхгүй гэсэн шийдвэр гарсан мэтээр худал мэдээллүүдийг зориудаар тарааж, олон нийтийг үл хүндэтгэж байгаад харамсаж байна.
Түүгээр үл барам Б.Бат-Эрдэнэ аварга МҮБХ-ны тэргүүн биш гэсэн шүүхийн шийдвэр гарсан тул барилдаан цуцлагдлаа гэсэн мэдээллүүдийг сайтууд, хэвлэлүүдээр цацуулсан байх бөгөөд барилдаан тэдний тал Бөхийн өргөө рүү хүмүүс хөлслөн дайрснаас болж цуцлагдсан гэдгийг та бүхэн бүгдээрээ ойлгож байгаа биз ээ.

Захиргааны хэрэгт нэхэмжлэгчээр оролцож байгаа Монголын Үндэсний Бөхийн Холбоо нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж, нэгэнт шүүхийн маргаан дуусгавар болоогүй тул ийм худал мэдээллүүд тарааж, ард иргэд, бөх сонирхогчид, бөхчүүдийг төөрөгдөлд оруулахаас зайлсхийсээр өнөөдрийг хүрсэн боловч иргэн Л.Чинбатын талаас ташаа мэдээлэл зориудаар цацаж байгаад үүгээр залруулга хийхийн ялдамд товлогдсон барилдаанд бэлдэж байсан бөхчүүд, бөх сонирхогчдоосоо барилдаан цуцлагдсан явдалд албан ёсоор хүлцэл өчиж байгааг хүлээн авна уу.

Монголын үндэсний бөхийн холбоо, 29.09.2018

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here