Нүүр хуудас Спорт Ц.Раднаа: Монголчууд амжилтаар минь бахархаж буйд, БАЯРЛАЖ байна

Ц.Раднаа: Монголчууд амжилтаар минь бахархаж буйд, БАЯРЛАЖ байна

19
0
ahmad-tamirchin-Radnaa
Нас бол зүгээр л тоо гэдгийг амжилтаараа баталсан Ц.Раднаа гуай ДАШТ-д анх өрсөлдөөд дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа гурвантаа эгшиглүүлснээр нь бахархахгүй байх аргагүй юм

    Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат, өдгөө 85 настай тэрбээр өнгөрсөн долоо хоногт Польш улсад болсон хөнгөн атлетикийн ДАШТ-ий уртын харайлт, 400 метрийн болон саадтай гүйлтийн төрөлд түрүүлж, монгол түмнээ баярлуулсан.

Нас бол зүгээр л тоо гэдгийг амжилтаараа баталсан Ц.Раднаа гуай ДАШТ-д анх өрсөлдөөд дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа гурвантаа эгшиглүүлснээр нь бахархахгүй байх аргагүй.

Олон улсын тэмцээнд төдийлөн оролцдоггүй, Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн даруухан амжилттай түүнийг энэ жил ДАШТ-д түүхэн амжилтын эзэн болно гэж таамагласан хүн ховор болов уу. Харин Ц.Раднаа гуай дэлхийн аварга болно гэдэгтээ тун ч итгэлтэй байсан гэнэ.

Юуны өмнө дэлхийн аварга болсонд баяр хүргэе. Сайн явж ирэв үү, Та. Замдаа ядрав уу?

Баярлалаа. ДАШТ олон хоног үргэлжилсэн, би цөөнгүй төрөлд оролцсон болохоор их ядарлаа. Онгоцоор олон цаг нисэх ч бас шаггүй шүү. Сэтгэл их хөдөлж, Монголдоо хурдан очих сон гэж их яарсан. Монголчууд амжилтаар минь бахархан, Н.Түвшинбаяр олимпын аварга болсон үеийнх шиг баярлаж байна гэж гэрийнхэн маань надад хэлсэн. Тэгсэн болоод ч тэр үү, Монгол руу дөхөх тусам догдоллоо. Өнөөдөр намайг ийм сайхан угтана гэж төсөөлөөгүй. Энэ өдрийг би хэзээ ч мартахгүй, мартах ч учиргүй. Амьдралд минь тохиолдсон хамгийн сайхан мөчүүдийн нэг байлаа.

Таны хань, 80 гаруй настай хоёр дүү тань тосохыг хараад сэтгэл их хөдөлж байна. Өдий насандаа баярт мөчөө эрхэм хүмүүстэйгээ хуваалцана гэдэг ховор хувь заяа болов уу?

Тийм шүү. Дэлхийн аварга болсноосоо дутахгүй үүнд олзуурхаж байна. Би хань, 10 хүүхдийнхээ хамт элэг бүтэн амьдарч буйдаа баярладаг. Үүнээс илүү сайхан зүйл гэж юу байх вэ. Намайг дэлхийн аварга болсныг дуулаад хоёр дүү минь Өмнөговиос яарсаар ирсэн гэнэ лээ. Би малын эмч, биеийн тамирын багш мэргэжилтэй. Миний ууган хүү, мөн дөрөв, таван дүү минь биеийн тамирын багш.

Түүртсэн шинжгүй түрүүлж, Төрийн далбаагаа намируулан гүйж буй бичлэгийг тань олон хүн нүдэндээ нулимстай үзсэн. Хөнгөн атлетик хэмжигдэхүүнтэй спорт тул ДАШТ-ээс гурван алтан медаль хүртэнэ гэх багцаа танд байсан уу?

Би 2017, 2018 онд Японд болсон Азийн АШТ-д оролцсоноос өөр олон улсын тэмцээнд өрсөлдөж байгаагүй. Өнгөрсөн жил Японы тамирчин Танака Хирод дийлдэн, Азийн дэд аварга болохдоо ДАШТ-д хурд сорих эрх авсан. Тиймээс түүнийг л гүйцчихвэл амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байлаа. Медаль хүртэх сэн л гэснээс дэлхийн аварга болно гэж бодоогүй. Азийн АШТ-д оролцох үеэр ДАШТ-д түрүүлсэн, дэлхийн рекорд эзэмшдэг тамирчдын тухай ном надад өгсөн юм. Түүнийг нэлээд судалж, өөрийнхтэйгөө харьцуулсан. Бэлтгэлээ тэгж хийсэн нь үр дүнтэй байлаа.
Уралдааны үеэр Танака Хирогийн амьсгалах нь их ойрхон сонсогдов. Миний ард ойрхон гүйж яваа бололтой. Тэр үед би “За яах вэ, сүүлчийн 50 метрт илүүрхэнэ дээ, чамайг” гэж бодсон. Барианд орсны дараа харах нь ээ өнөөх чинь надаас нэлээд хоцорсон байсан. Ер нь Өмнөговь аймаг хөнгөн атлетикийн шилдэг тамирчдаараа алдартай. 10 өдрийн гүйлтийн дэлхийн хошой аварга Б.Буджаргал манай аймгийнх шүү дээ.

400 метрийн гүйлтэд түрүүлж, дэлхийн дээд амжилт шинэчлэхдээ Танака Хирог гүйцсэн. Тэгсэн нь таны сэтгэлийг улам хөдөлгөж, өөр төрөлд ч амжилт гаргах урам өгсөн байх.

Тэгэлгүй яах вэ. Багадаа “Цагаан зээрийн янзага” гэдэг хочтой байлаа. Малын бэлчээрт, голын захад, сургуулийн биеийн тамирын талбайд гээд хаана л бол хаана гүйж явдаг хүүхэд байсан сан. Айл, саахалтын хүүхдүүдийг урдаа гишгүүлж үзээгүй. Залуудаа малын эмчээр олон жил ажилласан. Өвөл, зунгүй хөдөө малтай ноцолдож явахад өөр мэргэжил эзэмших тухай бодол үе үе төрнө. Тэгж явахдаа Монголын бүх ард түмний спартакиадад оролцон, 400, 800 метрийн гүйлтэд түрүүлж, спортын мастерын болзол хангав. Хөнгөн атлетик гэж ийм сайхан спорт байдгийг тэгэхэд мэдсэн нь миний амьдралыг өөрчилж, өнөөгийн амжилтад хүрэх жимийг гаргасан. Тэр жилээ өнөөгийн МУБИС-д багш, дасгалжуулагч мэргэжлээр элссэн. Тухайн үед би 28 настай байлаа. Спортод хожим хөл тавьсан тул Монголынхоо шилдгүүдтэй эн тэнцүү өрсөлдөх, шигшээ багийн тамирчин болох, олон улсын тэмцээнд оролцох боломж байгаагүй. Намайг залуу байхад улсын шилдэг тамирчин олон байлаа. Хэчнээн хичээсэн ч тэднээс онцгойрч чадаагүй. Хөнгөн атлетикийн спорттой амьдралаа холбосноосоо хойш би тэмцээнд түрүүлж, Төрийн дууллаа эгшиглүүлэхийг зүгээр нэг хүсэх бус, мөрөөдсөн. Төдийгөөс өдий хүртэл түүндээ хүрэхийн тулд уйгагүй зүтгэж, хөдөлмөрлөсөн. 80 насны босгыг давахдаа ч би мөрөөдлөө орхиогүй. Тэгснийхээ үр шимийг хүртэн, 85 насандаа мөрөөдлөө биелүүллээ. Төрийн далбаагаа мандуулан, цэнгэлдэх тойрон гүйхдээ ядарч, цуцсанаа умартсан шүү. Алтан медалиа энгэртээ зүүн, Төрийн дуулал эгшиглэх мөчид ямар сайхан байсныг үгээр илэрхийлж чадахгүй нь. Хэдхэн жилийн бус, амьдралынхаа туршид тээсэн зорилгодоо хүрсэн болохоор бүр ч догдолсон байх.

200 метрийн гүйлтэд мөнгөн медаль авсан амжилтыг тань яагаад цуцалсан юм бэ?

Миний буруу л даа, техникийн алдаа гаргасан. Гүйлтийн дүрэм их нарийн. Тамирчид зөвхөн өөрийн замаар, цагаан зураасны дагуу уралдах учиртай. Би хажуугийн зураасан дээр гишгэчихсэн юм билээ. Тухайн үед өөрөө мэдээгүй. Барианд орсны дараа зохион байгуулагчид надад уралдааны бичлэг үзүүлж, амжилтыг минь цуцаллаа гэсэн. Яалт ч үгүй би бүдрэхдээ зураас даваад гишгэчихсэн байна лээ.

Өнгөрсөн жил Азийн АШТ-д оролцохдоо хөлөө бэртээсэн гэсэн. Бүрэн эдгэсэн үү?

Эдгэсэн. ДАШТ-д оролцоход ямар нэгэн зовиур байгаагүй. Нас ахихаар яс сийрэгждэг юм байна. Өнгөрсөн жил миний өвдгөнд яс ургасан юм. Түүнээс болж Азийн АШТ-д санасан амжилтаа гаргаж чадаагүй. Тэмцээний дараа өвдгөндөө адууны тос түрхэн, шарлага хийлгээд эдгээсэн. Өнгөрсөн жил Азийн АШТ-д оролцоход хөгтэй юм их болсон. Зардлаа хэмнэхийн тулд Улаанбаатараас автобусаар Бээжин орж, тэндээс усан онгоцоор явсаар тэмцээний өмнөх өдөр Японы Нара хотод очсон. Эхний өдөр 100 метрт уралдав. Урд гурван япон тамирчин явж байна. Өлхөн гүйцээд түрүүлчихье гэж бодтол ёстой шонгүй шүү. Тэгээд хоосон хоцров. За, медальгүй буцах нь гэж бодсон. Орой нь борцтой сайхан шөл хийж уун, сайхан амрав. Маргааш нь 200 метрийн зайд мөнгөн медаль авсан.

Хөнгөн атлетикийн зориулалтын ордон Монголд байхгүй, бэлтгэлийн нөхцөл ч муутай. Та тэмцээний өмнөх бэлтгэлээ хэрхэн хийв?

Өглөө бүр 06.00 цагт босон, Зайсан толгой өөд, Туул голын дагуу гүйдэг. Гэртээ байхдаа найман кг жинтэй гантил өргөдөг, хөл, гараараа тус бүр 20 удаа. Сэнжээр нь хөлдөө углаж байгаад, хэвтэж байгаад ч өргөнө. Дулааны улиралд аргатай. Өвлийн хүйтэнд Туулын жавар сөрөн гүйх ч хэцүү шүү. Монголд одоо нэг л чухал зүйл байна. Тэр бол хөнгөн атлетикийн тамирчид бэлтгэл хийх зориулалтын ордон.

Зайсан толгойн өөд амралгүйгээр гүйж гардаг гэж дуулсан. Одоо ч хэвээрээ юү?

Хэвээрээ. Зөөлөн гүйсээр байгаад л гарчихдаг юм.

Та насанд хүрэгчдийн ангилалд улсынхаа дээд амжилтыг шинэчилж байсан уу?

-Үгүй ээ, түрүүн дурдсанчлан спортоор хожим хичээллэсэн болохоор тэгэх боломж байгаагүй. Өрсөлдөөн айхтар ширүүн, Тулга, Дамдинсүрэн, Цагаан зэрэг луухагрууд байлаа шүү дээ. Би өдий хүртэл УАШТ-ийг ганц ч удаа өнжиж үзээгүй. Мал маллаж байхдаа ч Өмнөговиос ирээд оролцож байлаа. УАШТ-ий 50 гаруй медальтай, ихэнх нь насанд хүрэгчдийн ангиллынх.

Хөнгөн атлетикийн спорт дотроо олон төрөлтэй. Таны амжилт гаргадаг гол төрөл аль нь вэ?

Ойрын зайн гүйлт. 100, 200, 400 метрт гол амжилтаа гаргадаг. Монголын ахмадын УАШТ 70-аас дээш насны ангилалтай. 75-80, 80-85 ч юм уу өөр ангилал байдаггүй. Ер нь тэмцээнд оролцоход надтай чацуу юм уу, 80 гарсан настай тамирчин байдаггүй. Тиймээс би 10 гаруй насаар дүү гүйгчидтэй өрсөлддөг. Энэ жил Архангайд болсон ахмадын УАШТ-д 70 настай тамирчидтай өрсөлдөөд гурван алт, нэг мөнгөн медаль авсан. Өөрөөсөө олон насаар дүү тамирчидтай уралддаг нь миний өнөөгийн амжилтад их нөлөөлсөн. Бүх өрсөлдөгчдөө баярлалаа. Надтай ач тач уралдан, ана мана өрсөлдсөний чинь өгөөжөөр би дэлхийн аварга болсон юм шүү.

Та ямар нэгэн уураг, амин дэм хэрэглэдэг үү?

Элдэв юм ууж, хэрэглэж үзээгүй. Тэмцээнд явахдаа ахиухан борцтой явдаг. Энэ удаа борцоо бараагүй ирсэн шүү. Ер нь бусад үед мах, цагаан идээ л иддэг. Өөр нэг их айхтар нарийн жороор бэлтгэсэн хоол, унд хэрэглэдэггүй.

Спортын мастер цолыг тань бүр хожим олгосон гэсэн. Яагаад тэгсэн юм бол?

Үнэнийг хэлэхэд, би хөөцөлдөөгүй. Өмнөговь аймгаас миний тодорхойлолтыг холбогдох байгууллагад илгээгээгүй юм шиг байна лээ. Нэгэнт болзлыг нь хангачихсан юм чинь спортын мастер болсноос ялгаа юу байх вэ гэж бодоод нэг их тоогоогүй. Тэгж явсаар гавьяаныхаа амралтад гаран, малчин болсны дараа спортын мастер цолыг маань нөхөж олгосон юм шүү дээ.

Насаараа багшилсан таныг малчин болоход юу нөлөөлөв?

1958 онд тэтгэвэрт гаран, аймгийнхаа төвд амьдарч байгаад 1990 онд зах зээлийн ороо бусгаа үетэй золгосон. Тэтгэврийнхээ хэдэн төгрөгөөр хүүхдүүдээ тэжээж дийлэхгүйд хүрсэн тул хөдөө гарч, мал малласан. Манайх гүү их уядаг байлаа. Өглөө бүр явган гүйж очоод адуугаа хураадаг байж билээ. Тийм амьдралын орчин, хэв маяг их бэлтгэл болсон шүү. 10 гаруй жил мал маллаад 2006 онд Улаанбаатар хотод шилжиж ирсэн.

Та тэмцээнд оролцох, бэлтгэл хийх зардлаа хэрхэн зохицуулдаг вэ?

Хувиасаа л гаргадаг. Тэтгэврийнхээ мөнгө, хүүхдүүдийнхээ дэмжлэгээр зохицуулдаг. Намайг хүүхдүүд минь их дэмждэг. Надад ямар нэгэн ивээн тэтгэдэг, харьяалагддаг байгууллага байхгүй.

Ойрын хугацаанд өрсөлдөх тэмцээн бий юү?

Уг нь оролцох боломжтой хэд хэдэн тэмцээн бий. Одоогоор тодорхой хэлж чадахгүй нь, санхүүгийн байдлаас шалтгаална. Өнгөрсөн жил Азийн АШТ-д хурд сорих үеэр намайг 2021 онд болох мастеруудын дэлхийн наадамд өрсөлдөхийг урьсан. Ахмадын олимп гэж үнэлэгддэг тэмцээнд хүч сорих бодол бий.

Хүн хөгширч бус, хөшиж үхдэг гэдэг. Тэгэхээр эрүүл, чийрэг амьдрахын гол нууцын нэг нь хөдөлгөөн болов уу. Залуусдаа хандаж зөвлөгөө өгнө үү?

Юуны түрүүнд архи, тамхинаас үргэлж татгалз. Спорттой цаг ямагт нөхөрлө. Өглөө эрт бос. Бүжиглэх их зүгээр. Бүх булчин, шөрмөсийг ажиллуулж, хөдөлгөөний эвсэлтэй, хөнгөн шингэн болгохын сацуу хөгжмийн ая хэчнээн тайвшруулдаг гэж санана. Энэ бүхнийг хэвшил болгож чадвал аяндаа эрүүл чийрэг амьдарч, элдэв хууч, өвчнөөс сэргийлж, хамгаалж чадна.

эх сурвалж: “ӨНӨӨДӨР” СОНИН. Б.Буяндалай

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here