Нүүр хуудас Соёл урлаг Яруу найрагч Л.Хасар аавынхаа алтан шарилд мөргөж хэлсэн үг

Яруу найрагч Л.Хасар аавынхаа алтан шарилд мөргөж хэлсэн үг

30
0
yaruu-nairagch-Hasar
Яруу найрагч Л.Хасар

Нэрт найрагч Б.Лхагвасүрэнг эцсийн замд нь үдэж, түүний ухаанаас ургаж, үгийнх нь сүүг “хөхөж” өссөн хайрт хүү, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Лхагвасүрэнгийн Хасар сэтгэлийнхээ уй дууг “асгаж” хэлэв.

“Аав аа, таны үр хүүхэд, ач зээ, хамаатан садан, анд нөхөд, шавь нар, таны сэтгэлийн гэрэл гэгээнд татагдсан хүмүүс бүгд өнөөдөр энд цугласан байна.

Бид жамын үүдэнд, хагацлын босгонд зогсч байна. Энэ хагацал биш харин та бидний сэтгэл зүрх, оюун ухаан улам гүн орших гэж гэрэл, сүүдрийн зорсон энэ л агшинг гээлээ хэмээн сэрүүн зүүдэлж зогсоно. Таныгаа молхи бидний тэвэрт эцсийн амьсгалаа отголоход та тэнгэрийг газартай, уулыг устай, зовлонг жаргалтай, нулимсыг инээмсэглэлтэй мэтгэж бичсэн шүлэг, бүтээл бүхэн чинь, зүрхний цохилт, амьсгал бүр чинь бидний ухаарал, аз жаргал, баяр баясгалангийн төлөө байсныг сая л ойлголоо. Мунхаг биднийг өршөөгөөрэй.

Таны ухаанаа асгаж урлаж бүтээсэн номын агуу ертөнц Монгол түмний минь сэтгэл зүрхэнд мөнх оршиж, ухаанаас тань ундарсан тэр ариун ундаргаас Монгол түмэн билэг, оюун ухаанаа хурцалж, үеийн үед дуурсах болно.

Аав аа, таны хэлэх дуртай “Бүтээнэ гэдэг алдаршихаас үнэтэй” гэдэг үгийг санаж бүтээхийн гэгээнд хөтлөгдөж, ариун голомтыг чинь удам залгуулан, өргөж явна аа, үр хүүхдүүд бид чинь.

Аав аа, таньдаа би хязгааргүй их хайртай шүү.

Шамбалын гэгээнд багтаж, сайн төрлийг олж, мөнх бусын тухай бидний бодол ээдрээг тайлж өгөхөөр мөнх тэнгэр өөдөө одсон та минь номын гэгээнд хөтлөх эрдэмт хүмүүн болж, бидэндээ дахин төрөөрэй” хэмээв

Ум мани бадмэ хум

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here