Нүүр хуудас Нийгэм “Элэг нэгт Монголчууд” санд 80 шахам сая

“Элэг нэгт Монголчууд” санд 80 шахам сая

205
0
“Элэг нэгт Монголчууд” санд 80 шахам сая
“Элэг нэгт Монголчууд” санд 80 шахам сая
Элэг шилжүүлэн суулгах хагалгааг дэмжигч “Элэг нэгт Монголчууд” санд 80 шахам сая төгрөг хандивлажээ
Өнөөдөр Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/-д элэгний хавдартай, элэгний хатууралтай өвчтөнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг тус төвийн бэлтгэгдсэн баг, Самсунг эрүүл мэндийн төвтэй хамтран амжилттай хэрэгжүүлж эхлээд байгаа талаар хэвлэлийн бага хурал хийж мэдээллээ.

Энэхүү хуралд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, ХСҮТ-ийн ерөнхий захирал, “Элэг нэгт Монголчууд” сангийн тэргүүн Ж.Чинбүрэн, БНСУ-ын Самсунг эрүүл мэндийн төвийн Элэг шилжүүлэх төвийн захирал Жэ Жү Вон, “Элэг нэгт Монголчууд” сангийн гүйцэтгэх захирал Л.Мөнхбаясгалан, Удирдах зөвлөлийн гишүүн, гавьяат жүжигчин Т.Ариунаа тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Тус хурлыг нээж Анагаах ухааны доктор Ж.Чинбүрэн хэлэхдээ: “Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг ХСҮТ-д нутагшуулахаар анх 2011 онд манай эмч нарын баг, БНСУ-ын Самсунг эрүүл мэндийн төвд хүсэлт гарган хамтран ажиллах гэрээ байгуулснаар эмч нараа сургаж эхэлсэн түүхтэй. Улмаар БНСУ-аас гадна Энэтхэг, Франц, Австри, АНУ, Япон, Тайвань, ОХУ, Казахстанд сургалтанд удаа дараа хамрагдсан юм. Энэхүү цогц мэс ажилбарыг хийхэд эмчийн мэдлэг, ур чадвараас гадна өндөр өртөг бүхий эмнэлгийн багаж төхөөрөмжүүд, лабораторийн хүчин чадал чухал. Энэ мэт өндөр өртөг бүхий маш олон дэд бүтцийн шинэчлэлт хийх шаардлагатай байсан. ХСҮТ-ийн өргөтгөлийн барилга 2011 оноос баригдаж эхлээд 2017 онд дууссан. Энэ барилга цаашид Элэгний төв нэртэйгээр ажиллаж, элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийж байхаар төлөвлөгдөөд байна.
2016 онд “Элэг нэгт Монголчууд” сан үүсгэн байгуулагдаж ХСҮТ-д элэг шилжүүлэн суулгахад шаардлагатай байгаа өндөр өртөг бүхий багаж тоног төхөөрөмжийг худалдан авахыг зорьсон. Харин нийслэлийн төсвөөс 1 тэрбум төгрөгийн санхүүжилт хийснээр өндөр өртөг бүхий 11 нэр төрлийн багаж төхөөрөмж худалдан авч, энэ ажилд ашиглаж эхлээд байна. Ийнхүү амьд донороос элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийх бэлтгэл ажлууд 2011 оноос эхэлж 2017 оны 10 дугаар сард дууссан. Манай элэг шилжүүлэн суулгах багийнхан ХСҮТ-д анх удаа энэ сарын 28-нд элэг шилжүүлэн суулгах хагалгааг нийслэлийн иргэн 42 настай залууд маш амжилттай хийлээ. Энэ залууд түүний нагац дүү 20 настай залуугийн элэгний талыг авч суулгасан юм.  Донор залуугийн элэгнээс авах мэс засал 5 цаг үргэлжилсэн бол элэг шилжүүлэн суулгах мэс засал 7 цаг 7 минут үргэлжиллээ. Мэс заслыг багийн эмч, сувилагчид гар нийлэн тун чамбай ажиллаж ямар ч цус алдуулалгүй маш амжилттай хийж чадлаа. Мэс засалд орсон хүмүүсийн элэгний үйл ажиллагаа тогтвортой сайн байна. Элэгний донор болсон залуу өнөөдрөөс хоол идэж байгаа. Энэ үйлсэд хамтран зүтгэсэн бүх хүмүүст талархаж байна” гэлээ.
Тэрбээр, Улаанбаатар хотын Захирагч С.Батболдыг сэтгэгдлээ хэлэхийг хүссэн юм. “Хүнд амьдрал бэлэглэнэ гэдэг үнэхээр бахархалтай сайхан үйлс билээ. Бид “Элэг нэгт Монголчууд” сангийн нөхөдтэй ярилцаж байхдаа хамгийн түрүүнд нийслэлийн иргэнд энэ хагалгааг хийнэ гэж ярьж байсан. Харин өнөөдөр бид эрдэнэт хүний амийг аварсан ХСҮТ-ийн эмч, сувилагч нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлээд сууж байна. Цаашдаа ч олон элэг нэгтнүүддээ амьдрал бэлэглэх ариун үйлсдээ улам их амжилт, ололтоор дүүрэн байхыг хүсье” гэлээ.
Мөн энэ үеэр Самсунг эрүүл мэндийн төвийн Элэг шилжүүлэх төвийн захирал, профессор Жэ Жү Вон: ”Сая болсон элэг шилжүүлэн суулгах мэс засал маш амжилттай боллоо. ХСҮТ-ийн эмч, сувилагчид маш сайн суралцаж байгаад талархаж байна” хэмээн онцолсон юм.

ХСҮТ-д анх удаа хийсэн тус хагалгааны үеэр БНСУ-ын Самсунг эрүүл мэндийн төвөөс мэс заслын эмч, унтуулах эмч, сувилагч, менежер зэрэг 7 хүний бүрэлдэхүүнтэй баг Улаанбаатарт ирж зөвлөх байдлаар оролцжээ.

Элэг шилжүүлэн суулгах хагалгааг дэмжигч “Элэг нэгт Монголчууд” санд 80 шахам сая төгрөг хандивлажээ
“Элэг нэгт Монголчууд” сангийн гүйцэтгэх захирал Л.Мөнхбаясгалан ”Юуны өмнө БНСУ-ын Самсунг эрүүл мэндийн төв нь манай эмч нарыг сургаж, 7 жилийн турш хамтарч ажиллаж ийм амжилтад хүргэж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Бид 2016 оны 3 дугаар сарын 23-нд ХСҮТ-ийн эмнэлэг дээр элэгний хавдартай өвчтөнд элэг шилжүүлэн суулгах төслийг дэмжих зорилгоор энэ санг бид байгуулж байлаа. Тус сангийн үйл ажиллагааг таниулан сурталчилахад манай хэвлэл мэдээллийн байгууллагууд маш идэвхтэй оролцсон. Мөн соёл урлагийнхан ихэд дэмжсэнд талархаж байна. Нийслэлийн төсвөөс гаргасан 1 тэрбум төгрөгөөр 25 саяаас эхлээд 280 сая төгрөг хүртлэх үнэтэй тоног төхөөрөмжүүд худалдан асван. Энэ санд 461 байгууллага, аж ахуйн нэгж, компани, хамт олон, хувь хүмүүсээс хандив өгч, нийтдээ 79 сая 697 мянга 740 төгрөг хуримтлагдаад байгаа. Тухайлбал, Туушин ХХК, Хера групп, Гялс төгрөг ХЗХ зэрэг нийт 30 гаруй байгууллага, хамт олон чин сэтгэлийн хандив өргөсөн нь монголчууд эвлэлдэн нэгдвэл ямар их хүчтэй болохыг харууллаа” гэлээ.
Харин гавьяат жүжигчин Т.Ариунаа ”Олны хүч- оломгүй далай гэдэг шиг манай урлаг соёлын бүх салбарынхан энэ үйлсэд маш идэвхтэй оролцсонд чин сэтгэлээсээ талархалаа илэрхийлж байна” гэв.

Өнөөгийн Засгийн газраас ХСҮТ-д Элэг шилжүүлэн суулгахад 2018 онд 650 сая төгрөгийг төсөвлөж өгсөн байна. Иймд тус төвд энэ онд 7 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийнэ. Дараагийн мэс заслыг ирэх гуравдугаар сард хийхээр төлөвлөөд байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here