Нүүр хуудас Нийгэм Эм зүйн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулна

Эм зүйн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулна

79
0

ЭМЯ, Азийн хөгжлийн банктай хамтран “Улсын эмнэлгүүдийн боломжийн үнэтэй эмийн хангамж, хүртээмжийг сайжруулах, зохицуулалтын үйл ажиллагааг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлэх талаар уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Уг уулзалтанд ЭМЯ, АХБ-ны төслийн баг, ЭМХТ, МХЕГ, ЭМНДЕГ-ын ЭМДГ, АШУҮИС, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, хувийн хэвшлийн эмнэлгийн төлөөлөл бүхий 35 хүн оролцлоо. Уулзалтыг нээж Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат үг хэллээ. Тэрээр Эмийн зохистой хэрэглээг сайжруулах, өвчтөний эм худалдан авах боломжийг нэмэгдүүлэхийн тулд олон улсын шилдэг дадалд үндэслэн эмийн сангийн үйлчилгээг өргөжүүлж, амбулаторийн өвчтөнд үзүүлэх эм зүйн тусламжийг нэмэгдүүлэхээр зорьж байна. Энэхүү уулзалт, хэлэлцүүлгээр олон улсын туршлагыг Монголын нөхцөлд хэрхэн хэрэгжүүлэх боломжийг танилцуулах ба уулзалт хэлэлцүүлгээс гарах зөвлөмж нь улсын эмнэлгийн эмийн санд амбулаторийн өвчтөнд үйлчлэх нэгжийг байгуулахад тулгарч асуудлыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмрээ өгнө гэдэгт найдаж байгаагаа хэллээ.

Төрөөс эмийн талаар баримтлах бодлого, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг улам боловсронгуй болгож хэрэгжүүлэх, эмийн зохицуулалтын үйл ажиллагааг бэхжүүлэх, хангамж хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд тодорхой ажлуудыг хийн зохих үр дүнд хүрч байна.

Монгол улсын эм хангамжийн салбар хэрэгцээт эмийнхээ 80 орчим хувийг импортолдог бөгөөд одоогоор эмийн үнийн зохицуулалт хангалтгүй байна. Эмчилгээний өндөр идэвхтэй, чанартай, аюулгүй эмээр хүн ам, эрүүл мэндийн байгууллагыг жигд хүртээмжтэй хангах, эм худалдан авах боломжийг нэмэгдүүлэх, эмийн худалдан авалтыг оновчтой зохион байгуулах, эмийн үнийн зохицуулалт, эмийн зохистой хэрэглээ, жор бичилт, эмийн тунгийн хяналт, эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулахад анхаарлаа хандуулах шаардлага бидэнд тулгамдаж байна.

Азийн хөгжлийн банк нь ЭМЯ-тай хамтран “Улсын эмнэлгүүдийн боломжийн үнэтэй эмийн хангамж, хүртээмжийг сайжруулах, зохицуулалтын үйл ажиллагааг бэхжүүлэх” төслийн хүрээнд төрийн өмчийн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгүүдэд нийтлэг хэрэглэдэг ерөнхий нэршлийн эмийн худалдан авах ажиллагааг нэгтгэн зохион байгуулах, улсын эмнэлгийн эмийн санд амбулаторийн өвчтөнд үйлчлэх нэгжийг бий болгох, эмийн зохицуулалтын тогтолцоог бэхжүүлэх талаар ажиллаж байна.

ЭХ СУРВАЛЖ: ЭМЯ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here