Нүүр хуудас Нийгэм Хурдан морины салбар хороод мэдээлэл хийлээ

Хурдан морины салбар хороод мэдээлэл хийлээ

6
0
hurdan-morinii-salbar-horoo
Хурдан морины салбар хороод мэдээлэл хийлээ

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооноос хурдан морины уралдааныг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ.

Хурдан морины салбар хорооны дарга, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа Ж.Болдбаатар “Хурдан морины уралдааныг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос 2015 оны долдугаар сарын 1-нд гаргасан эрлиийз морьдыг монгол морьдоос тусад нь уралдуулах журмын хүрээнд зохион байгуулна. Унаач хүүхдүүдийн аюулгүй байдал, дэг журам зэргийг анхааран ажиллана. Долдугаар сарын 10-ны өдөр Хязаалан, Шүдлэн, 11-ний өдөр Азарга, Их нас, 12-нд Соёолон, даага уралдана. 13-нд уяачдын наадам болно. Эрлийз гурван нас болоод жороо морины уралдаан болно. Хурдан морь үзэхээр хүлээж буй иргэд, наадамчин олондоо зориулан морьтон монголчууд үзүүлэх тоглолт, хос морины уралдаан, шүүхрийн буултын үзүүлбэр зэргийг зохион байгуулна. Тухайн жилийн нөхцөл байдлаас хамаараад нас насны ангилалд уралдах замыг зааж өгдөг. Энэ жилийн хувьд даага 11 км, шүдлэн 15 км, хязаалан 17 км, соёолон, азарга 22 км, их нас 25 км-ээс уралдана” гэв.

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл “Манай ажлын хэсэг уралдах морьдын үйлдвэрлэг байдлыг ялгах үүрэг хүлээн ажиллаж байгаа. Холбогдох хууль, дүрэмд заасны дагуу Азарга, Соёолон 140 см, Их нас 141 см, Хязаалан 137 см, Шүдлэн 132 см, Даага 127 см байх өндрийн байдлыг нарийн баримталж ажиллана. Баяр наадмын үеэр эрлийз морьдыг уралдааны талбайд оруулах, хэл ам гаргах зэрэг асуудлыг хурдан марины салбар комисс хүлээн авахгүй. Бид шуурхай, шударга ажиллана” хэмээлээ.

НГБХЗХГ-ын орлогч дарга Н.Мандуул “Хурдан морь унаач хүүхдүүдийн эрхийг хамгаалах асуудал дээр хуульд заасан бүх үйлчилгээг үзүүлнэ. Хүүхдийн хамгааллын хувцас хэрэглэлийг стандартад заасны дагуу шаардана. Бэлтгэлгүй ирсэн, хамгаалах хэрэгслээ мартсан, орхисон зэрэг уяач, унаач хүүхдүүдэд боломж олгох үүднээс Хүй долоон худагт хамгаалалтын хувцас хэрэглэл борлуулдаг ААН-үүдийг ажиллуулахаар болж байгаа. Уяачид бүртгүүлэх гэж ирэхдээ унаач хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, эцэг эхээс нь зөвөөрөл авсан хуудас, даатгалын гэрээ зэргийг бүрэн байлгах хэрэгтэй” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here