Нүүр хуудас Нийгэм Л.Баярцэцэг: Дөрвөн үрдээ, нөхөртөө хоргодоод байх юм

Л.Баярцэцэг: Дөрвөн үрдээ, нөхөртөө хоргодоод байх юм

22
0
bayrtsetseg
Л.Баярцэцэг

   Хэлж ирдэггүй хийсч ирдэг аймшигт өвчин тусч арга барагдаад буй Л.Баярцэцэгтэй ярилцлаа. Бүсгүйн эмчилгээний зардал 170 орчим сая төгрөг болох бөгөөд хандивын “Сүүн сэтгэл” тоглолт болох гэж байгаа юм.

Тоглолт энэ сарын 12-ны баасан гарагт 19:00 цагт UB паласын Концертын танхим зохион байгуулагдах болжээ. Хүнд өвчин туссан өнөр бүлийн ээжийн эмчилгээний зардалд эрхэм та гар бие оролцон, хандивын аяанд оролцохыг уриалж байна. Ингээт түүнтэй хийсэн ярилцлагаас хүргэж байна. 

-Та уншигч олонд өөрийгөө танилцуулаач?

-Би 33 настай. Ховд аймгийн Дарви суманд төрж, өссөн. Нөхөр дөрвөн хүүхдийнхээ хамт сумандаа амьдардаг. Сумынхаа Эрүүл мэндийн төвд бага эмч, сувилагчаар ажилладаг.

-Хүүхдүүд нь хэдээс хэдэн настай вэ?

-Гурван хүү, нэг охинтой. Том маань арван настай. Хамгийн бага маань охин гурван настай.

-Та өвдсөн даруйдаа эмнэлэгт шуурхай хандаж чадсан уу. Эмч нар ямар өвчин гэж оношилсон бэ?

-2017 оны арванхоёрдугаар сарын 24-нд ажлаа хийгээд байж байтал гэв гэнэт хөл өвдөөд алхаж чадахаа больсон. Тэгээд аймгийн төв орж эмнэлэгт үзүүлсэн ч онош нь тодроогүй. Дараа нь Улаанбаатар хотод ирж, Улсын гуравдугаар төв эмнэлэгт ирж үзүүлтэл Уушгины артер, доод мөчний, зүүн хөлийн гүний венийн бүлэнт бөглөрөл гэсэн онош тавьсан. Эмч нар Монголд энэ төрлийн өвчнийг эмчлэх мэс засал хийх ямар ч боломжгүй байхгүй гэсэн хариу өгсөн. Онош гарснаас хойш жил гаруйн хугацаанд эмчийн хяналтан дор эмчилгээ хийлгэж байна. Хөдөлмөрийн чадвараа алдсан гээд групп тогтоолгосон. Өмнө нь зургаан сар хэвтрийн дэглэмтэй хотод эмнэлэгт хэвтсэн. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ахин хотод ирсэн.

-Сар бүр өндөр үнэтэй эм, тариа хэрэглэж байгаа гэсэн. Нийт хэдий хэрийн мөнгө эм, тариандаа зарцуулсан бэ?

-Сардаа 950 мянгаас 1.2 сая төгрөгийн үнэтэй эм, тариа хэрэглэж байгаа. Нийтдээ 13-14 сая төгрөгийг эм, тариандаа зарцуулсан.

-Гэр бүлийн тань хүн ямар ажил эрхэлдэг вэ?

-Манай нөхөр Хөшөөтийн уурхайд ахлах нярав хийдэг. Бид зургаа ирж, очин байгаа. Хань минь надтай байнга хамт байсан. Хүүхдүүд минь Улаанбаатар хот, Дарви сум хоёрын хооронд байнга ирж, очиж байгаа.

-Таны туссан өвчнийг аль улсад эмчлэх боломжтой гэсэн бэ. Мэс засалд орлоо гэхэд хэр өндөр эрсдэлтэй вэ?

-БНХАУ, Япон, БНСУ-ын эмнэлэг рүү өвчний онол, шинжилгээний хариугаа явуулаад эмчлэх боломж бий юу гэж сураг тавьсан. Япон болон Өмнөд Солонгосын эмнэлгээс нааштай хариу ирсэн. Японы эмнэлгүүдээс энэ төрлийн хагалгааг лазер аргаар хийнэ гэсэн хариу ирсэн ч эмчилгээний зардал нь дэндүү өндөр монгол мөнгөөр 290 гаруй сая төгрөг болох юм билээ. Харин БНСУ-ын Асан эмнэлэг 170 сая төгрөгийн төлбөртэй судас орлуулах мэс засал хийх боломжтой гэсэн. Төлбөрөө байршуулаад мэс засалдаа орсон тохиолдолд эдгэнэ гэсэн хариу өгсөн.

-Одоо биед тань ямар зовиур илэрдэг вэ?

-Удаан хугацаагаар алхаж чадахгүй байгаа. Жаахан алхахаар хөл хавдаад, амьсгаадчихдаг. Хөлөө унжуулаад сууж чаддаггүй. Багахан ачаалал авахаар л өвддөг.

-Энэ хэр элбэг тохиолддог өвчин бэ. Яаралтай мэс засалд орохгүй бол таны эрүүл мэндэд ямар эрсдэл тулгарах вэ?

-Монголд маш ховор тохиолддог өвчин гэсэн. Би өмнө нь дунд чөмөгний хагалгаанд орж байсан. Тэгээд дунд чөмгөө хадуулах үеэр судас гэмтсэн байх гэж өөрөө л таамаглаад байгаа. Байнгын зогсоо ажил хийдэг байсан, хөдөө гадаа дуудлагаар даарч явсан нь өвчин хүндрэхэд нөлөөлсөн байх.

Эмч нар венийн бүлэн хаа нэг газраа бөглөрсөн тохиолдолд шууд үхэлд хүргэх аюултай гэж хэлсэн. Азаар бүлэн бөглөрөхгүй байлаа гэхэд үе мөчөө тайруулах эрсдэл тулгарна гэсэн.

-Тийм хариу сонсоод танд болон нөхөрт тань хүнд туссан байх?

-Өвчнийхөө оношийг сонсоод яах ч учраа мэдэхээ больсон. Нөхөр бид хоёр амьдралаа жигдрүүлэхгээд чадах чинээгээрээ хөдөлмөрлөөд явж байтал би ингээд хүнд өвчин тусчхаар хоёулаа л шоконд орсон. Сар хэртэй учраа олохгүй байсан. Хэнд, хаана хандахаа, өвчнөө яаж эдгээхээ мэдэхээ больсон. Тэгсэн сумын маань Г.Сум-Очир гээд дүү арван жилийн ангийн хүүхдээс миний тухай сонсоод надтай холбоо барьсан. Танд тусалъя. Та битгий бууж өгөөрэй. Хандивын тоглолт зохион байгуулж, ард түмнээс тусламж хүсье гэж хэлсэн. Тэр дүү маань хэлж ярьснаа ажил хэрэг болгоод надад туслаад явж байгаад нь маш их баярлаж байна. Мөн олон хүмүүс эдгэнэ, эрүүл болно гэсэн урам зориг хайрласан. Бүр эмчилгээгүй өвчин биш эдгээх эмчлэх гарц гаргалгаа байна тиймээс зоригтой бай. Эдгэнэ гэж бод гэсэн. Тэр бүх тусалж дэмжиж байгаа хүмүүст чин сэтгэлээсээ маш их талархаж байна.

-Хандивын тоглолтын орлого мэс заслын тань зардалд бүрэн хүрэх болов уу?

-Бид зургаа сумандаа нэг хашаа байшинтай. Том оврын ачааны машинтай байсан түүнийгээ зарсан. Байгаа үл хөдлөх хөрөнгөө зараад 70 орчим сая төгрөгөө цуглуулчихна л гэж тооцоолоод байна. Мэс заслын төлбөр 170 сая төгрөгийг олчихвол онгоцны тийз, очоод хагалгаанд орохын өмнөх 7-14 хоног байх эмнэлгийн зардал олдох байх, бүтэх байх л гэж найдаж байгаа.

-Хүүхдүүд тань ээжийгээ хүнд өвчин туссаныг зөн совингоороо мэдэрч байна уу?

-Энэ дөрөвтөө өвдсөн гэдгээ хэлсэн ч амь насанд аюултай гэдгийг нь дуулгаж, ойлгуулаагүй ээ. Охин минь “Ээжээ өвчнөө эмчлүүлээрэй. Эрүүл болоорой” гэсэн. Хөвгүүд минь “Эмчийнхээ үгэнд ороод, эмнэлэгтээ сайн хэвтээд хурдан зүгээр бол, эдгэ” гээд л байгаа (уйлав).

Өвчин гэдэг зүйл чинь хүний биеийг өвтгөхөөс гадна өөрийнх нь болон ойр дотны хүмүүсийнх нь сэтгэл санааг өвтгөдөг юм байна. Өвдөөд орчин тойрныхоо хүмүүсийг зовоох үед эрүүл мэнд, эрүүл байх л хамгийн чухал юм байна гэж бодогддог юм билээ.

-Таны санааг хамгийн ихээр зовоож байгаа зүйл юу вэ. Хандивын тоглолт нь удахгүй болох гэж байгаа юм байна?

-Энэ тавдаа л санаа зовож байна. Дөрвөн үрдээ, нөхөртөө санаа зовоод, хоргодоод байх юм. Сайхан сэтгэлтэй ард түмэн минь та бүхэн надад дэм хайрлаж, энэ сарын 12-ны баасан гарагт 19:00 цагт UB паласын Концертын танхимд болох “Сүүн сэтгэл” хандивын тоглолтыг үзээрэй гэж гуйж байна (уйлав).

Дашрамд дуулгахад, Энгэртээ Алдарт эхийн II одонтой, дөрвөн үрийн ээж Л.Баярцэцэгийн мэс заслын зардалд хандив цуглуулах зорилготой “Сүүн сэтгэл” тоглолтод гавьяат жүжигчин, дуучин Э.Бүрнээбаяр, Ж.Одмаа, Ж.Үнэнхүү, Б.Ганчимэг, Ч.Баярмаа, Б.Батбаатар, соёлын тэргүүний ажилтан, “Гурван бүдүүн” хамтлагийн дуучин А.Мөнгөншагай болон Ч.Батцэнгэл, Л.Нарантуяа, Ч.Алтантүлхүүр, Н.Мөнгөншагай, Б.Мөнгөнчимэг, Б.Чанцалдулам, Ё.Батмөнх, дуучин Б.Октябрь, А.Баасандэлгэр, Т.Үүрийнтуяа, Г.Гандөл, Г.Дорждэрэм, М.Ариун-Эрдэнэ, Ж.Диваа, Н.Эрдэнэсүх, Б.Энх-Амар нар оролцоно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here