Нүүр хуудас Нийгэм Инчеоны ОУНО буудал дээр монгол иргэд төмөр сандал дээр хоног төөрүүлж байна.

Инчеоны ОУНО буудал дээр монгол иргэд төмөр сандал дээр хоног төөрүүлж байна.

188
0

Инчеоны олон улсын нисэх онгоцны буудал дээр монгол иргэд “амьдарч” байна. Хамгийн ихдээ 10 гаруй хоног, түүнээс доош 4-5 хоног эх орон руугаа буцахаар билет хүлээж буй жирэмсэн, нялх хүүхэдтэй, хөгшин настай, өвчин зовлонтой иргэд онгоцны буудлын төмөр сандал дээр хоног төөрүүлж байна.

БНСУ-д 2017 оны гуравдугаар сарын байдлаар 36.661 иргэн ажиллаж амьдарч байна. Иймд Монгол болоод Солонгос улс хооронд зорчих иргэдийн хөдөлгөөн өдөр тутамд маш их байгаа. Монгол Солонгос улсын хооронд зөвхөн МИАТ болоод “Кориан Эйр” гэсэн хоёр томоохон компани л нислэг үйлдэж байдаг тул зөвхөн өндөр үнэтэй билетээс гадна иргэд эх орондоо хүссэн цагтаа ирж, очиж чадахгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Энэ нь  иргэдийн хэрэгцээ шаардлагыг энэ хоёр монополь компани хангаж чадахгүй, өөрсдийн эрх ашигт нийцүүлэн ажиллаж байгаа гэж дүгнэж болохоор. Өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцны билетийн үнэ хоёр сая төгрөг хүртэл үнэд хүрснийг БНСУ-руу явдаг Монголчууд бүгд л мэдэж байгаа. Гуравхан хоногийн өмнөх байдлаар Инчеоны нисэх онгоцны буудал дээрх дүр зургийг дүрсэлбэл, хэдэн эгнээ төмөр сандал дээр унтсан, хооллосон, хүлээсэн иргэдээс гадна нялх хүүхдээ хөхүүлсэн, хувцас хунараа угааж сандалны ард хатааж тавьсан, тархины даралттай хүүхэд нь уйлсан, хөл гар нь хавдаж хөөсөн настайчуул олон хоногийг үдэж буй. Буцах онгоцны билет олдчих болов уу гэж хонон өнжин горьдож суугаа эдгээр хүмүүсийн эрх хаачив аа. Билет сахиж суугаа эдгээр иргэд гэнэт л онгоцны буудал дээр ирчихээд дураараа аашилж “билет өг” гээд суугаа юм биш. Уг нь эртхэн билетээ захиалах шаардлагатай, хэрэв билет хүлээлгээс гараагүй бол онгоцны буудал дээр ирж хүлээгээд ямар ч нэмэргүй гэдгийг тэд бүгд мэднэ. Гэхдээ л тэд хүлээсээр. Учир нь суудал гарахыг хүлээж, захиалга өгөх хүсэлт тавиад хоёр сар гаруй болсон иргэд ч байна. Аргаа барсан, гэнэтийн ажил явдал гарсан, хүндэтгэх шалтгаантай хүмүүс л энд хонон өнжин хүлээнэ.  Иргэн  А хэлэхдээ “Би хоёр талдаа зорчих билет худалдан авсан. Кориан Эйр компанийн лавлахаас хорь гаруй хоногийн өмнөөс эхлэн суудал асуусан боловч суудал гарсан даруйд мессеж явуулна гээд алга болсон. Аргаа бараад Солонгос найзаараа асуулгатал Солонгос хүнд бол суудал тавьж өгнө гэж хэлсэн” гэв. Мөн онгоцны буудал дээр билет хүлээж буй иргэн Т ярихдаа “1.720.000 мянган төгрөгөөр хоёр талдаа билетээ авчихаад буцах болтол суудал олдохгүй байна. Анх билетээ бидэнд зарахдаа хоног хугацаа нь хувирч болно гэж зарчихаад бодит байдал дээр ийм байна. Ээжийн бие муудаад яаралтай буцах шалтгаантай болсон, гэтэл билет байгаа хүн ч буцаж чадахгүй, хүний нутагт ээжтэйгээ уулзаж чадахгүй уйлаад сууж байна” гэжээ. Монголчуудыг билет горьдон суух хооронд олон сарын өмнөөс билетээ захиж, баталгаажуулсан Солонгос иргэд онгоцондоо суун Монгол улсыг зорино. Үнэхээр эрт захиалчихсан хүмүүсийн захиалгаар онгоцны суудал дүүрээд, суух суудалгүй байгаа юм уу гэхээр “үгүй”. Чадал нь хүрвэл захиалчихсан билетнийхээ үнийн дүн дээр нэмэлт төлбөр нэмээд хоосон суудалд тухлаж болно. Энэ нь ойролцоогоор нэг сая төгрөг орчим болно. Үгүй гэвэл боломжгүй. Угаас суудал байхгүй гэх нэрийдлээр үнийн хөөрөгдөл үүсгэдэг гэж Монгол иргэд бухимдана. Нэмэлт төлбөрөө өгч чадаад суусан иргэд онгоцон дотор хоосон суудлууд байна гэдгийг бичлэг, сэлтээр харуулж байна. Монополь компани мөнгө нэмж өгөөгүй хүнд үйлчлэхгүй гэх шиг. Гэтэл олон улсын нисэх буудлын бие давхар, нялх хүүхэдтэй, өндөр настай, бие муутай хүмүүсийг хүндлэн ойлгож, тэдний эрхийг дээдлэх эрхэм зорилго хаачив? Онгоцны буудал дээр хоног төөрүүлж байгаа иргэд эрх нь зөрчигдөж буй талаар Солонгос улс дахь Элчин сайдын яаманд хандсан ч өдгөө хүртэл хариу өгөхгүй, анхаарал хандуулахгүй байгаа талаар хэлж байна. Харин Зам тээврийн хөгжлийн яамны дэд сайд Б.Цогтгэрэл хэлэхдээ “Инчеонд Монгол иргэдийг олон хоногоор хүлээлгэж байгаа асуудлаар KAL төлөөлөгчтэй ярьлаа. Бээжингээр дамжуулж Монгол иргэдийг авахаар болсон байна. Мөн цаашид хатуу нөхцөлтэй тикетүүдийн өдөр хоногийг өөрчлөх зэрэг асуудалд Монгол иргэдэд зохих ёсоор мэдээлэл өгч байхыг хүслээ. Баасан гарагт KAL-н Тэргүүн дэд ерөнхийлөгч айлчлах үеэр энэ болон бусад асуудлыг хөндөх болно” гэв. Энэ дагуу Инчеонд хүлээлгийн байдалтай байсан дөрвөн хүнийг долдугаар сарын 26-ны өдөр Бээжингийн онгоцонд суулгаж явуулсан бол долдугаар сарын 27-ны өдөр дахин дөрвөн хүн Бусан орж онгоцонд суухаар болсон байна. Үлдсэн хүмүүсийг Токиогоор дамжуулах тал дээр тохиролцож байгаа гэлээ. Харин онгоцны билетийн үнийн тухайд Зам тээвэр, хөгжлийн яамны дэд сайд сонгуулийн өмнөхөн “Монголын иргэний агаарын тээврийн ХК-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцны билетийн үнийг 20-40 хувь бууруулах боломжтой, одоогийнх үнэтэй байна, үнээ буулга” гэж шаардлага хүргүүлсэн. Одоо сонгууль дууссан ч энэ яриаг нь иргэд мартаагүй, онгоцны буудал дээр үнэ хөөрөгдсөн хэвээр байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here