Нүүр хуудас Нийгэм Боловсрол ШУТИС Азийн шилдэг их сургуулиудын нэг болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

ШУТИС Азийн шилдэг их сургуулиудын нэг болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

197
0
9-р сарын 1-нд цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулиуд хичээлийн шинэ жилийн нээлтээ хийсэн бол өнөөдөр их, дээд сургууль, коллежууд хичээлийн шинэ жилийн нээлтээ хийнэ. 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр нийслэлийн автомашины ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг дарга С.Батболдын хүсэлтийн дагуу БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ган-Эрдэнэ ийнхүү их, дээд сургууль, коллежийн захирлуудад хичээлийн нээлтээ 3 хоногоор хойшлуулж, 9-р сарын 4-ний өдөр эхлүүлэхээр болсон. Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр ёслол төгөлдөр боллоо. Нээлтийн ажиллагаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, БСШУСЯ-ны Дээд боловсролын хэлтсийн дарга Т.Амаржаргалан, ШУТИС-ийн ректор Б.Очирбат, Санко группын ерөнхийлөгч Шимизү Такаши, Санко маркетинг компанийн захирал Г.Нямдэлгэр, ШУТИС проректор Х.Энхжаргал, Ч.Баасандаш, Д.Батчулуун, П.Жаргалтуяа болон бүрэлдэхүүн сургуулийн захирал бусад холбогдох хүмүүс оролцлоо.

Нээлтийн ёслолд ШУТИС-ийн Ректор Б.Очирбат: “Эрхэм хүндэт профессор багш нар, оюутан залуучууд, нээлтийн ёслолын ажиллагаанд уригдан оролцож байгаа Монгол Улсын Засгийн газрын гишүүн БСШУС-ны сайд Ж.Батсуурь, хүндэт зочид төлөөлөгчдөө. Өнөөдөр манай сургуулийн 2016-2017 оны шинэ хичээлийн жилийн нээлтийн ёслолын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн та бүхэнд талархал илэрхийлэхийн сацуу шинэ хичээлийн жилийн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье. Нээлтийн ёслолын ажиллагаанд өөрийн биеэр хүрэлцэн ирсэн манай сургуулийн профессор багшаар ажиллаж байсан Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ж.Батсуурь танд их сургуулийн нийт эрдмийн хамт олны нэрийн өмнөөс тусгайлан халуун мэндчилгээ дэвшүүлж ажлын их амжилт сайн сайхныг хүсэн ерөөе. Энэ хичээлийн жилд манай сургууль 56 хөтөлбөрөөр 3500 орчим элсэгч, Япон улстай хамтарсан бэлтгэл хөтөлбөрт 160 гаруй оюутан суралцагч, мөн Ахлах сургууль, Коосен технологийн сургуульд 70 гаруй сурагч шинээр элсэн суралцаж байна. ШУТИС анх 1961 онд барилгын инженерийн диплом олгосон тэр цагаас хойш өнгөрсөн 55 жилийн хугацаанд улс орондоо 70 мянга орчим инженер, технологийн дээд боловсролтой мэргэжилтнийг бэлтгэн гаргасан Монгол Улсдаа төдийгүй олон улсын хэмжээнд нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн томоохон их сургууль болон хөгжөөд байна. Та бүхэн манай сургуулийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг сонгон энэ сайхан сургуулийн оюутан суралцагч болсонд тусгайлан халуун баяр хүргэж хичээл сурлагын ажилд өндөр амжилт хүсэн ерөөе. Өнөөдөр дэлхий дахинд инженерийн боловсролын эрэлт хэрэгцээ, үнэ цэнэ, ач холбогдол ихээхэн нэмэгдэж байна. Нөгөө талаас шинжлэх ухаан инновацийн асар хурдтай өндөр хөгжил нь эргээд инженерийн боловсролын сургалтын тогтолцоо, хөтөлбөрийн агуулга арга зүйг өөрчлөн хөгжүүлэхийг биднээс зүй ёсоор шаардаж байна. Ийм ч учраас манай сургуулийн эрдэмтэн профессор, багш, ажилтнууд, оюутан суралцагчид сүүлийн жилүүдэд олон тодорхой ажил, төслүүдийг судлан хэрэгжүүлж зохих үр дүнд хүрч байгаа бөгөөд энэ талбайг тойруулан зассан асарт манай бүрэлдэхүүн сургууль, салбар нэгжүүд өөрийн үйл ажиллагааг олон нийтэд, шинээр элсэгч, хүндэт зочид, эцэг эхчүүдэд танилцуулах зорилгоор үзүүлэн байдлаар танилцуулж байгаа. Шинэ хичээлийн жилд манай хамт олон сургалтын чанарын баталгаажуулалтыг хангаж ажиллах үндсэн том зорилтыг дэвшүүлэн ажиллахаар шийдвэрлээд байна. Энэ хүрээнд бид цахилгаан холбоо, геодези зэрэг мэргэжлүүдийг олон улсын ABET, ASIIN зэрэг байгууллагуудаар магадлан итгэмжлүүлэх, их сургуулийн үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтүүдийг олон улсын их сургуулийн ранкинг тогтоодог QS байгууллагаар үнэлүүлж их сургуулиа Азийн шилдэг их сургуулиудын нэг болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа юм. ШУТИС-ийн профессор багш нар, оюутан суралцагчиддаа та бүхэнд шинэ хичээлийн жилийн баярын мэндийг дахин дэвшүүлж сургалт судалгааны ажилд өндөр амжилт хүсээд Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2016-2017 оны хичээлийн жилийн үйл ажиллагаа албан ёсоор нээснийг мэдэгдье” гэлээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь “Та бүхэндээ БСШУС-тын сайд болон сайдын зөвлөлийн гишүүд, яамны хамт олны нэрийн өмнөөс 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье. Өнөөдөр монгол орон даяар 1300 гаруй цэцэрлэгт хүмүүжихээр 240 гаруй мянган бяцхан үрс маань цэцэрлэгтээ хүрэлцэн ирсэн байна. Мөн ерөнхий боловсролын 790 сургуульд 561 мянган хүүхэд багачууд, 101 их, дээд сургуулиудад 160 гаруй мянган оюутан залуус суралцахаар хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж байна. Хичээлийн шинэ жилтэй холбоотой тооцоо хийж үзэхэд Монгол Улсын 3 сая гаруй хүн амын нэг сая нь эрдмийн их уурхайд хичээлийн шинэ жилийн баярт оролцон байна. Миний хувьд 33 жилийн өмнө тухай үеийн боловсролын сайдын коллегийн хурлаас томилолт өвөртлөн энэхүү ШУТИС-д багшлахаар барилгын инженер, эдийн засагч мэргэжлийг европт эзэмшин анх алхан орж байлаа. Энэ сургуульд 10 гаруй жил багшилж, Европт эрдмийн зэрэг хамгаалж, Дорноговь аймгийн засаг дарга, УИХ-ын гишүүн гэдэг энэхүү эрхэм хүндтэй албан тушаалуудад ажиллаж өнөөдрөөс нэг сарын өмнө боловсролын салбарын сайдын эрхэм хүндтэй үүрэг хариуцлагыг хүлээн авлаа. Надтай хамт ажиллаж байсан болон ажил амьдралын гарааг эхлэхэд өдий зэрэгт хүргэсэн энэ сургуулийн эрдэмтэн багш нар, оюутан суралцагчид бүхий л хүмүүст мэхийн ёсолж талархаж явдгаа хэлэхэд таатай байна. Өнөөдөр шинжлэх ухаан технологийн асар өндөр хурдацтай хөгжлийн үед та бүхэн инженер техникийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэн гаргаж байна. Чанарын их хурдцыг даван туулж олон улсын их, дээд сургуулиудын түвшинд хүрэхүйц мэргэжилтэн бэлтгэж гаргахад манай эрдэмтэн багш нарын хүч, авьяас чадвар бүхий л чадлаа дайчлан ажиллана гэдэгт огт эргэлзэхгүй байна” хэмээн онцоллоо. Нээлтийн үеэр “Ректорын нэрэмжит тэтгэлэг”-ээр БАС-ийн оюутан У.Тамир, БУХС-ийн оюутан Р.Цэрэн, ГУУС-ийн оюутан Ч.Түвшинтөр, МехТС-ийн оюутан Б.Энхсайхан, МХТС-ийн оюутан Ч.Батжаргал, ҮТС-ийн оюутан Ц.Эрдэнэханд, ХШУС-ийн оюутан Н.Зөв-Үйлст, ЭХС-ийн оюутан А.Шижир нарыг шагналаа. Санко группын нэрэмжит тэтгэлгийг 2015-2016 оны хичээлийн жилээс олгож эхэлсэн бөгөөд энэ хичээлийн жилд шинээр элссэн 5 оюутанд Санко группын нэрэмжит тэтгэлгийг ерөнхийлөгч Шимизү Такаши, Санко маркетинг компанийн захирал Г.Нямдэлгэр, БАС-ийн оюутан А.Ариунсанаа, МХТС-ийн оюутан Б.Ганзориг, ҮТС-ийн оюутан М.Булганзаяа, БАС-ийн оюутан Б.Буманбаатар, ГХИ-ын оюутан Э.Ундрал нарт гардуулан өглөө.

Шинэ хичээлийн жилийн нээлтийн ажиллагааны үеэр ШУТИС-ийн гадаах задгай талбайд шинээр элсэн суралцагч оюутнуудад зориулсан нээлттэй өдөрлөгийг зохион байгуулжээ. Элсэгчдийг төлөөлж ЭХС-ийн оюутан Б.Пагма үг хэлж, оюутны тангараг өргөн ШУТИС шинэ хичээлийн жилийн нээлтээ хийлээ.  Мөн энэ өдөр Монгол Улсын засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ж.Батсуурь Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн эрдэмтэн багш, ажилтнуудтай уулзалт хийлээ. Уулзалтад ШУТИС-ийн ректор, проректор, бүрэлдэхүүн сургуулийн захирал, эрдмийн зөвлөлийн гишүүд, салбар, тэнхимийн эрхлэгч болон багш, ажилчдын төлөөлөл болсон 120 гаруй хүн оролцов. БСШУС-ын сайд Ж.Батсуурь их, дээд сургуулиудтай танилцах анхны уулзалтаа ШУТИС-иас эхлэн хийж байна. Уулзалтаар дээд боловсролын шинэчлэл, дээд боловсролын байгууллагын тогтолцоо, хөтөлбөрийн шинэчлэл, эрдэм шинжилгээ, судалгаа, багш, ажилтны нийгмийн асуудал, сургалтын төлбөр зэрэг олон чухал асуудлуудыг хэлэлцэв. Салбарын сайд дээрх асуудлуудыг нарийн судлан шат дараатай шийдвэрлэх болно гэдгээ илэрхийлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here