Нүүр хуудас Нийгэм Авлигын эсрэг олон нийтийг гэгээрүүлэх “Найзын яриа” өдөрлөг болно

Авлигын эсрэг олон нийтийг гэгээрүүлэх “Найзын яриа” өдөрлөг болно

6
0
naiziin-yria
Авлигын эсрэг олон нийтийг гэгээрүүлэх "Найзын яриа" өдөрлөг болно

Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх чиг үүргийн хүрээнд “Найзын яриа” сэдэвт өдөрлөгийг Авлигатай тэмцэх газраас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Авлигатай тэмцэх газраас олон улсын аргачлалын дагуу “Хүүхдийн шударга байдлын судалгаа”-г 21 аймаг, 9 дүүргийн 12-18 насны 10 мянга орчим хүүхдийг хамруулж, асуумжийн аргаар онлайнаар зохион байгуулдаг.

Судалгааны дүнгээр монгол хүүхдүүдийн шударга байдлын түвшин жил ирэх тусам буурсаар байгаа юм. Тиймээс хүүхдүүдийн дунд шударга ёсны зан үйл төлөвшүүлэх, үлгэр дуурайл үзүүлэх зорилгоор соён гэгээрүүлэх ажил, арга хэмжээ зохион байгуулах шаардлагатай бөгөөд энэ ажлыг Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна. Хүүхдүүдэд шударга ёсны зан үйл төлөвшүүлэх, шударга ёсны үлгэр дуурайл бий болгох зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн сурагчдад зориулан Авлигатай тэмцэх газрын ажилтнууд “Найзын яриа” комикс номыг зохиож хэвлүүлжээ.

Комикс номд ангийн даргаар сонгогдохын тулд ангийнхаа хүүхдэд мөнгө, бэлэг өгөх нь зөв үү, хаясан гар утас олбол эзнийг нь олж өгөх үү, шалгалтаа онц өгсөн хүүхдээ аав, ээж нь шагнах зөв үү, хүүхдүүд аав, ээжээсээ шударга ёсны үлгэр дуурайлыг хэрхэн авдаг вэ, шалгалтын үеэр хуулах нь багшийг хуурч байгаа явдал мөн үү, олон нийтийн газарт хүүхдүүд биеэ хэрхэн авч явах ёстой вэ гэх зэрэг дунд сургуулийн сурагчдад зориулсан шударга ёсны 10 өгүүллэг багтсан байна.

Уг комикс номын агуулгаар хүүхэлдэйн кино бүтээсэн бөгөөд түүгээр дамжуулан соён гэгээрүүлэх ажлыг улам өргөжүүлэн зохион байгуулж байна. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Сүхбаатарын талбайд Монголын Хүүхдийн ордны дугуйлангийн авьяаслаг сурагчид жүжиг, дуу, хөгжмийн үзүүлбэр үзүүлэхийн зэрэгцээ Сурагчдын холбооны өсвөрийн лидер сурагчид “Би шударга хүүхэд” сэдвээр хөтөлбөр гаргаж оролцохоор бэлтгэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here